Орхон: Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулагдлаа

Админ
2021/09/23

Орхон аймаг БОЭТ-дөө 560.0 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа.

ЭМЯ, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг үйлдвэрийн гүйцэтгэгч компаниар “Нью терравокс” ХХК, “Питрохими” ХХК ажиллалаа. Угсралтын ажил 2021 оны 7-р сараас эхэлж, 9-р сарын 19 гэхэд бүрэн дууссан бөгөөд өнөөдөр нээлтээ хийж байна. 
         Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтанд орсноор БОЭТ-ийн тасаг нэгжүүд зөөврийн бус ханын суурин системд холбогдож, вакуум отсос, агаар авах боломжтой болж байгаа юм. Агаар, вакуум, хүчилтөрөгчийн гурвалсан систем бүхий үйлдвэр нь эмнэлгийн 9 тасаг болон Ковид 19-ийн тусгаарлалтын улаан бүсэд суурилагдсан ба нийт 65 төгсгөвчөөр холбогдсон байна. Энэ нь хүчилтөрөгч нэн шаардлагатай тасгуудад хүчилтөрөгчийн хангамж сайжрах давуу талтай болсон гэсэн үг.
         Бэсрэг үйлдвэр нь цагт 12 метркуб хүчилтөрөгч үйлдвэрлэж 12 цагт 24 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай ажээ. Ингэснээр цар тахлын өнлөржүүлсэн бэлэн байдлын үед хүчилтөрөгчийн бэлэн байдлыг хангаж, хүчилтөрөгчийн нөөцийг бүрдүүлсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах давуу талтай гэдгийг онцоллоо. 
         Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 2014 оноос эхлэн Петрохими ХХК-тай гэрээ байгуулж  нэг метр куб хүчилтөрөгчийг 4200 төгрөгөөр худалдан авдаг байсан бөгөөд 1 баллон нь 6метр куб багтаамжтай байсан. Харин бэсрэг үйлдвэр ашиглалтад орж хүчилтөрөгчөө эмнэлэг өөрөө үйлдвэрлэж эхэлснээр эдийн засгийн хувьд хэмнэлт гарч, хүчилтөрөгчийн тасалдалтгүй болох давуу тал үүсч байна. 
        Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дашзэвэгийн Мөнхбат, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Сэмжидийн Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Агваанчүлтэмийн Түвшинжаргал, Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Мишигийн Түмэнжаргал, Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Даваанямын Сүхээ, БОЭТ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, иновацийн албаны дарга, Хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Баярын Батсүх, Петрохими ХХК-ийн захирал Эрдэнэбалын  Ган-Эрдэнэ  болон  албаны бусад хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна