Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Манай аймгийн хувьд төрийн албаны Ерөнхий шалгалтыг 2 өдрийн турш амжилттай зохион байгуулж дууслаа. Шалгалтыг Монгол улсын Төрийн албаны зөвлөл цахимаар хянасан бөгөөд тусгай программ ашиглан дахин давтагдахгүй тестийн өгөгдлөөр шалгалтыг авсан.
Тус шалгалт нь ерөнхий мэдлэг, төрийн бодлого, төрийн захиргаа, төрийн албаны тухай хууль, эрх зүй, Монгол Улсын түүх соёл, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологи, Монгол хэл, үндэсний бичгийн чадвар, логик сэтгэлгээ шалгах гэх мэт агуулгаас бүрддэг.
Орхон аймагт хоёр өдрийн турш үргэлжилсэн тус шалгалтад оролцохоор 222 иргэн бүртгүүлснээс 200 иргэн буюу нийт бүртгүүлсэн иргэдийн 90 хувь нь ирж шалгалтаа өгчээ.
Шалгалтыг 9 ээлжээр зохион байгуулсан бөгөөд 54 иргэн буюу нийт шалгалт өгсөн хүмүүсийн 27 хувь нь тэнцжээ. 2021 оны 3 сард зохион байгуулагдсан Төрийн албаны Ерөнхий шалгалтаар 303 иргэн шалгалт өгч, 102 иргэн тэнцээд байсан. Ингээд 2021 онд нийт 156 иргэн Орхон аймгийн төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдлээ.
Төв комисс шалгалтын дүнг нэгтгэн Зөвлөлийн хуралдаанд танилцуулан шалгалтын дүнг хэлэлцэж, “Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх тухай” тогтоол гаргадаг.
Шалгалтыг зохион байгуулах комисст Төрийн албаны салбар зөвлөлийн 11 гишүүн болон, Ажлын хэсэгт аймгийн ЗДТГ, Орхон аймаг дахь Тагнуулын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар гэх мэт нийт 26 төрийн албан хаагч ажилласан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!