Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр  Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сард улсын начин Э.Энхбатыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож, хүнд бэртээсэн юм. Хохирогч Э.Энхбат БНСУ-д найман сар эмчлүүлсэн ч ухаан ороогүй хэвээр байгаа. Энэ долоо хоногийн эхээр эх орондоо ирж “Сонгодо” эмнэлэгт хэвтсэн Э.Энхбат сэхээн амьдруулах болон тэжээлийн эмчилгээ хийлгэж байгаа юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газар Н.Түвшинбаярт холбогдох Эрүүгийн гэмт хэргийг хянаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр хоногийн өмнө Н.Түвшинбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргасан. Шүүх хуралд яллагдагч Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан саналын дагуу хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгүй байхаар шийджээ.