“Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо” нь 2013 оноос эхлэн жил бүр нийгэмдээ чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд тогтмол зохион байгуулж иржээ. 

Энэ жил шинэ жилийн баярыг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийг уриалсан БЭРХ биш ЭЭЛТЭЙ аянд нэгдэн дрифтийн клуб, тамирчид  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн хүүхдийн сургалт, хөгжлийн өрөөг өөрсдийн гишүүдийнхээ хандиваар иж бүрэн, тохижуулан хүлээлгэн өгчээ. 

Энэ үеэр “Wellmart Сүлжээ Супермаркет”-н зүгээс энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн тус төвд хэвтэн эмчлэгдэж буй бүх хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулсан байна. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” нь 2019 онд ашиглалтанд орсон шинэ эмнэлэг бөгөөд 250 өвчтөн хүлээн авахаас гадна мөн тооны хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. 

Хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй уг эмнэлэгт өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой аж.