Улаанбаатар хотын нэгэн томоохон асуудал болох түгжрэлээс үүдсэн нийтийн тээврийг удаашрал өвлийн улиралд иргэдийг ихээхэн хүнд байдалд оруулсаар байна.
Иргэн Ц.Хайрат хэлэхдээ “Нийтийн тээврийг олон цагаар хүлээх, ажлаасаа хоцрох асуудал нь түгжрэлээс үүдэлтэй. Үүнийг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй” хэмээн үзэж байгаа бол Нийтийн тээврийн газрын хэвлэлийн ажилтан А.Оргилсайхан иргэдийг замын түгжрэлээс зайлсхийхийн тулд нийтийн тээврээр зорчиж замыг чөлөөлөхийг уриалав.
ИРГЭН: Ц.ХАЙРАТ:
- Автобусны хүрэлцээг боломжийн гэж харж байгаа. Гол нь түгжрэл. Түгжрэлээс болж хүмүүс ажилдаа хоцорч байна. Түгжирч ирсэн автобусанд суугаад буцаад төв рүүгээ түгжирч байна. Автобусны хүрэлцээнээс гадна замын түгжрэлийг л бууруулах хэрэгтэй байна. Түгжрэл буурчих юм бол нэг үеэ бодвол автобус элбэг явж байна. Түгжрэлийг багасгах тал дээр төрд суугаа томчууд ажиллах хэрэгтэй байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН А.ОРГИЛСАЙХАН:
- Автозамын түгжрэл гэдэг томоохон хүчин зүйл байна. Нийслэл хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн тээвэр бол яах аргагүй автозамын түгжрэлээс шууд хамааралтайгаар ажиллаж байна. Хотод төвлөрлийн асуудал байна. Нийслэлийн иргэд өглөөд хотын захаасаа төв рүүгээ ачаалал авдаг. Орой ажил тарангуут хотын төвөөсөө зах руугаа ачаалладаг. Тиймээс эдгээр шалтгаануудаас хамаараад нийтийн тээвэр төлөвлөсөн хугацаандаа явах боломж нөхцөл зарим үед бүрдэхгүй байна. Нийтийн тээврүүд бусад машины адил зам дээр түгжрээд явж байна. Тиймээс иргэд, жолооч нараа нэгдүгээр эгнээгээ чөлөөлөөд өгөөч гэж уриалж байсан. Авто замын ачаалал ямар байгааг иргэд бүгд харж байгаа.
СУРАГЧ: Б.ТЭЛМҮҮН:
- Би 79 дүгээр сургуулийн наймдугаар ангид сурдаг. Өглөө 08:00-д хичээл ороод өдөр 12:30 гээд тардаг. Автобус их хүлээгддэг учраас даарахаараа миний зах руу ордог. Заримдаа 20-30 минут хүлээдэг. Тэгээд бүр ирэхгүй бол ямар ч хамаагүй автобусанд суугаад 16-гийн буудал дээр очоод дамжин суудаг. Өглөө хамгийн эхний автобус 06:30 гэж ирдэг. Тэгээд маш их хүн суудаг учраас заримдаа багтахгүй хаяад явчихдаг.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!