Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 28-нд Төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ.  Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор шагнагдахаар болсон байна.

Л.Тэрбиш нь 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж байжээ. 

Түүнчлэн энэ өдөр монгол рок попынхон дахин нэг Урлагийн гавьяат зүтгэлтэнтэй болох гэж байна.  Ерөнхийлөгчийн зарлигаар Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ. 

Монголын рок попын “төмөр хатагтай” гэж нэрлэгддэг тэрбээр 14 настайгаасаа аялгуу зохиож эхэлжээ. Улмаар  “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продессерээр нь ажиллахаас гадна олон шинэ залуу уран бүтээлчийг төрөн гаргасан байна. 

Түүний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs” болон 2000 онд “Angel” гэсэн цомгуудаа гаргаснаас хойш удтал завсарлаж 2017 онд “Өнгө аяс”, “Удахгүй” зэрэг цомгуудаа гаргажээ.