XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цагаан сарын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлсэн.  Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва арслан, Б.Бат-Орших нарыг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. 

Тэгвэл Улсын аварга Н.Батсуурь холбооны тэргүүлэгчдийн шийдвэр нь гараагүй учраас барилдана хэмээн мэдэгджээ. 

Н.Батсуурь: 

- Би Цагаан сарынхаа бөхийн барилдаанд барилдахгүй гэж хэлээгүй. Хэрвээ Тэргүүлэгчдийн шийдвэр нь гарчихвал нэг удаа бодолцож үзье. Учир нь би хуулиа л дагасан. Баяр наадмын комиссын шийдвэрийг дагаж л энд ирсэн. Бөхийн холбоо ямар нэг шийтгэл оноогоогүй, барилдах эрхийг маань хасаагүй. Тиймээс энд барилдъя, ард түмнээ цэнгүүлье гэж бодож л ирсэн гэв.