Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

- Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлан хичээллэсэн нь үр дүнгээ өгсөн. Халдварын тохиолдол голомтлож гараагүй. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.

3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авна. Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настай руу шилжээд орчихсон учир бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана. 

Коронавирусийн далимдуулаад 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байна гэсэн хардлага байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Хүүхдийн өвчлөлийг харахад, вакцин хийлгээгүй хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа. Ялангуяа 2-3 настай хүүхдүүд өвчинд өртөмтгий байна.  

Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 1400 гаруй цэцэрлэг бий. Эдгээрийн 100 гаруй нь л 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаггүй. Тиймээс заавал төрийн өмчийн гэлгүй хувийн цэцэрлэгүүдэд энэ насны хүүхдүүдийг хамруулах шийдэл байна.