LIVE: АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна.


 Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

- Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэл нээж, Ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Шалгалтын хүрээнд 

1. Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд гэрээг цуцлах, тухайн этгээдээр зээлийг буцаан төлүүлэх

2. Зээлдэгч компани болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох, 

3. Зээлдэгч компанийн эцсийн өмчлөгчийг тогтоох, ААН болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, 

4.  Төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг чиглэлээр шалгалтын ажил явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Мөн зөвхөн зээлдэгч ААН бус зээл олгоход шийдвэр гаргалцсан албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөхийг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Энэ ташрамд иргэдэдээ анхааруулж хэлэхэд, аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль банкинд барьцаанд байгаа эсэх зэргийг сайтар нягталж байж, худалдан авалт хийхийг сануулж байна. 

Тухайлбал, "Гантиг вила" хотхоны 9 блок нь Хөгжлийн банкны барьцаанд буюу хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон. Энэ хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани. 

- Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн барилга 1, лиценз 1, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлаад байна.