#Шууд: Н.Мөнхнасан: Монцементийн авсан төсөл бол цэвэр хөгжлийн зээл!

Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: 

-  Хөгжлийн банк үндэсний үйлдвэрүүд дээр 100-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдлаа үүрүүлж байна.

Бид барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс үнийг тогтвортой байлгахыг зорьдог. Барилгын материалын үнэ, тээврийн зардал бүгд өссөн. Хэрвээ цементээ гаднаас авдаг байсан бол нэг тонн нь 400 мянга хүрэх байсан. Харин дотооддоо үйлдвэрлэснээр цементийн үнэ дунджаар 196 мянган төгрөгийн ханштай байна.

АТГ-аас шалгаж байгаа асуудлын тухайд, Хөгжлийн банкнаас авсан зээл яг зориулалтын нь дагуу зарцуулагдсан уу гэдгийг харуулсан бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. Нэлээн олон жилийн өмнөх процесс учраас хугацаа шаардаж байна. Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ “Монцемент” төслийн хүрээнд гурван цогц үйлдвэр баригдаад үйл ажиллагаа явуулж байна.

Энэ бол хөгжлийн зээл.  Орон сууцны, хэрэглээний зээлтэй харьцуулж, андуурч болохгүй. Аливаа улсад бүтээн байгуулалтын суурь нь болсон цементийн үйлдвэр нь баригдаж, хөгжиж байж бусад бүтээн байгуулалт явагдана.  Бид маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийж, гадаадаас хөрөнгө оруулалт босгож байж, үлдсэн 20 хувьдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. 

Монцемент төслийн хувьд өнөөдрийн байдлаар 49 сая ам.доллар буюу 118 тэрбум 124 сая төгрөгийн төлөлт хийгдсэн. Мөн 40 тэрбум төгрөгийг төмөр зам, зам дэд бүтэц, усан хангамж, цахилгаан шугам, вагон, вагоны толгойг сайжруулахад зарцуулсан.  

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход барьцаа хөрөнгө шаардлагатай байдаг. Тухайн үед үндэсний томоохон төсөл дээр Засгийн газар оролцохоос өөр аргагүй байсан. Энэ зээлийн хувьд Европын сэргээн босголт хөгжлийн банк барьцаа хөрөнгө шаардахад үйлдвэрээ барьцаалсан. Харин Хөгжлийн банканд түүхий эд болох 200 жилийн нөөцтэй шохойн чулууны ордоо барьцаалж байсан. 

Хөгжлийн банк манайд зээл олгохдоо 18 сарын турш судалгаа явуулж, 250 гаруй удаагийн уулзалтыг хийж байж зээл олгосон. Хэрвээ Хөгжлийн банк бидэнд тавьсан шаардлагаа бусдадаа тавьсан бол өнөөдрийн байдалд орохгүй байсан байх байсан болов уу.