Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4 +” төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Эмийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд 2 дугаар бүрэлдэхүүүн хэсгийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын удирдлага зохион байгуулалтын эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах ажлууд хийгджээ.


2016 онд Эрүүл мэндийн хуулийн 25.12, 25.13 болон 25.16 заалтуудад эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалттай холбогдсон үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт болон санхүүжилтийн механизм, резидентын хөтөлбөрийн тэтгэлэг олгох асуудлыг, Эмнэлгийн тусламжийн хуулийн 22.1.7, 22.1.8, 22.2 болон 22.3 дугаар заалтаар резидент эмчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үзлэг, шинжилгээ, ажиллах үлгэрчилсэн журмын талаарх зохицуулалтыг нэмэлтээр тусгайлан оруулж өгсөн байдаг. 

Түүнчлэн, төгсөлтийн дараах сургалтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, ЭМЯ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд төгсөлтийн дараах “Эмнэл зүйн мэргэшүүлэх сургалт эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн тогтолцоо” сэдэвт танилцах аялалыг 2014 онд Швейцар улсад зохион байгуулж, ЭМЯ, БСШУЯ, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ЭМШУИС, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, сургалтын эмнэлэг, ТХН гэсэн нийт 9 байгууллагын төлөөлөл болох нийт 15 хүнийг хамруулжээ. 

Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд дотор, хүүхэд, ерөнхий мэс засал, эх барих эмэгтэйчүүд гэсэн үндсэн 4 мэргэшлийн резидентурын сургалтын хөтөлбөрийг сайжруулан, холбогдох байгууллагаар хэлэлцүүлж, Эрүүл мэндийн сайдын 2016 оны A/172 тушаалаар АШУҮИС дээр 2017 оны хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаатай туршсан юм. 

ЭМСХХ 4, 4+ төслийн хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, АХБ-ны төлөөллүүд оролцсон ажлын хэсэг гарч, 2017 оны 01 сард 18 эмчээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгуур хангасан СХДНЭ-т ажиллах 12 эмчийг сонгож 3 талт гэрээ байгуулан, үндсэн мэргэжлийн 3 жилийн хөтөлбөрт тусгайлан бэлтгэж мэргэшүүллээ. 

Хөтөлбөрийн шинэчлэл дээр багагүй туршилт хийсэн бөгөөд 2 жилийн хугацаатай үргэлжилдэг резидентын сургалтын онолын хичээлүүдийг нэмж, түүнчлэн эмч нарын гардан үйлдэлийн ур чадвар, практик дадлагыг нэмэгдүүлж, хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай болгож туршсан юм. Улмаар, 2 жилийн хугацаатай суралцаж байгаа 12 болон 3 жилийн хөтөлбөрөөр суралцаж байгаа 12, нийт 24 эмчийг хамруулсан сургалтын 2 хөтөлбөрийн харьцуулсан судалгааг явуулсан. Мэс заслын хөтөлбөрийн хувьд, 3 жилийн хөтөлбөрийн гол онцлог нь суралцаж байгаа эмч нар осол гэмтлийн үед үзүүлэх лавшруулсан тусламжийн олон улсын гэрчилгээтэй сургалтыг давхар дүүргэсэн. Нөгөө талаар бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд олонтаа ирдэг гол тохиолдлуудаар, тухайлбал цөсний, мухар олгойн үрэвсэл дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшиж төгссөн. Үүгээрээ, 2 жилийн хөтөлбөрөөс ялгаатай. Эх барих эмэгтэйчүүд гэхэд, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эмчийн удирдлага дор бие даан ажиллаж тэнд нэг хамт олон болж тухайн тасагт урт хугацаагаар ажилласны үр дүнд ур чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарч, суралцаж чадсан.

Түүнчлэн, төслийн хүрээнд АШУҮИС болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зохион байгуулсан үндсэн мэргэшлийн сургалтаар нийт 37 их эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтаар 11 их эмч, сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн сургалтаар 43 сувилагч, мөн 50 туслах сувилагч бэлтгэсэн байна. 

Анагаах ухааны чиглэлээр дээд боловсролын үйлчилгээ үзүүлдэг сургалтын байгууллагын хувьд сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйд дүн шинжилгээ хийн, улам боловсронгуй болгох зорилгоор үнэлгээг хийсэн бөгөөд 2 жилийн хөтөлбөрийг 3 болгож уртасгасан болон сургалтыг цалинтай болгосонд суралцагсдын сэтгэл ханамж эерэг байжээ. Мөн төгсөлтийн онолын болон гүйцэтгэлийн дадлага шалгалтанд 3 жилийн хөтөлбөрөөр суралцан төгссөн суралцагчдын “А” үнэлгээний эзлэх хувь өндөр байсан ба хөтөлбөрийн агуулгын хувьд дотрын анагаах судлал, эх барих эмэгтэйчүүд судлал, мэс засал судлал, хүүхэд судлал чиглэлээр нарийн мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж байгаа үндсэн мэргэшлийн сургалтын 3 жилийн хөтөлбөр нь илүү өргөн хүрээнд, орчин үед шаардлагатай эмнэлзүйн гардан үйлдлийн болон багийн ажиллагаа, ёс зүй, хандлага, харилцааны ур чадвар зэрэг хөрвөх ур чадварыг эзэмшүүлж байна гэсэн үр дүн гарсан байна. 

Мөн төслийн хүрээнд, сургалттай уялдуулан суралцагч нарт хэрэгтэй ур чадварыг нь эзэмшүүлэхэд туслах олон улсад ашигладаг гарын авлагуудыг нь бэлтгэж өгсөн. Тухайлбал, олон улсад хэрэглэгддэг хүүхдийн анагаахын Оксфордын гарын авлагыг сургалтад оролцож байгаа эмч, багш нарт зориулан орчуулж, хэвлэж гаргажээ.

Үүнтэй адилаар, эх барих эмэгтэйчүүд судлалын Жон Хопкинсийн гарын авлага, мөн амбулаторийн, дотрын, анагаах ухааны Вашингтоны гарын авлага гээд олон улсад резидентын сургалтад хэрэглэгддэг гарын авлагуудыг АХБ-ны “ЭМСХХ-4” төслийн санхүүжилтээр орчуулж, хэвлэжээ. Эдгээр номуудыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан болон аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын номын санд тарааж, эмч эмнэлгийн ажилтан, багш оюутнууд ашиглаж байна. 
Түүнчлэн Ковид19, SARS зэрэг амьсгалын замын хурц, хүнд хэлбэрийн халдвар, уушигны хатгалгааны оношлогоо, эмчилгээ, сэхээн амьдруулах лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудад маш хэрэгтэй Вашингтоны Их сургуулийн “Амьсгалын эрхтэний эмгэг судлал-Төрөлжсөн нарийн мэргэжлийн зөвлөгөө” гарын авлагыг орчуулж, 1500 ширхэг хэвлүүлэн тараалаа.

ЭМСХХ Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.МӨНХТАЙВАН, ЭМСХХ-4, 4+ төслийн дэд зохицуулагч Н.ОЮУНБИЛЭГ нар орчуулж хэвлэсэн номнуудыг тухайн үеийн ЭМЯ-ны сайдад гардуулж байна.

Нэмж хэлэхэд, шинэ эмнэлгийн шинэ боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас төслийн хүрээнд эмнэлгийн удирдлагын чиглэлийн сургалтуудыг 2 удаа явуулсан. Нийтдээ 50 гаруй эмнэлгийн удирдах ажилтнууд, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон сургалтууд үр дүнтэй болсон. Эхлээд нүүр тулсан, танхимын хичээлд хамрагдаад дараа нь эмнэлэг дээрээ очиж, олж авсан онолын мэдлэгээ туршаад, түүний дараа нь дахин танхимын сургалтанд сууж, үлдсэн хичээлүүдээ үзэж дуусгасан. Ийм холимог байдлаар туршлага, онол хосолсон сургалт явуулсан нь суралцагчдад үр дүнгээ өгсөн. Энэ ажлыг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эрүүл мэндийн бодлого менежментийн тэнхим Удирдлагын академи, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан нь хүртээмж, үр дүнг нэмэгдүүлсэн байна.