Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрсөн 11 дүгээр сард АИ-92 шатахууны үнийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. 

Шатахууны үнийг чөлөөлснөөр төр шатахууны үнэд оролцохгүй, дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлтийг дагаж үнэ хөдлөхөөр болсон юм. Тэгвэл өнөөдөр  АИ-92 авто бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр нэг литр АИ-92 шатахуун 2390 төгрөг болж байна. 

Улсын хэмжээнд энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179,488 тн шатахууны нөөцтэй буйгаас А-80 автобензин 12,041 тн (72 хоног), АИ-92 автобензин 51,067 тн (38 хоног), ДТ 110,621 тн (38 хоног) байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92,532 тн буюу АИ-92 автобензиний 32, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 306.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон талаар УУХҮЯ-наас мэдээлж байсан билээ.