#Шууд: Хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж Уул уурхайн салбарт ажилладаг ажилчдын эрхзүйн байдал доройтож илүү цагийн мөнгөө авч чадахгүй байна...

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж,  эрчим хүч, уул уурхайн салбарт ажиллагсад уртын ээлжээр ажиллахаар хуульчлагдсан билээ.  Тодруулбал, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болсон. Гэвч энэхүү зохицуулалтын улмаас уул уурхай ажилчдын цалин хөлс нь буурсан байна. 

Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Д.Долгор:  

- Уул уурхайн ажилчдын амрах хугацаа нэмэгдсэнтэй холбогдуулан цалин хөлс нь буурах асуудал гарч байна. Илүү цагийн хөлс олгох тухай зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйл дээр заагдсан. Ингэхдээ нэг ээлжийн үргэлжлэл 8 цаг байна. Түүнээс илүү байвал илүү цагийн хөлс авна гэсэн зохицуулалтаар  92.3 зүйлд зааснаар нэг ээлжийн үргэлжлэлийн хугацаа 12 цагаас хэтрэхгүй, ердийн ажлын цаг 8 цаг, үлдсэн 4 цагийг нь илүү цагаар авна гэдэг асуудлыг тавьсан.

ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн ахалдаг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өнгөрсөн 2 дугаар сарын 10-нд хуралдаад, цалин хөлс тогтоох аргачлалыг баталсан. 

6.3.1.5-аар Нөхөн амруулаагүй тохиолдол илүү цагийн хөлс олгохоор зохицуулсан. Үүнийг ажил олгогчид "14 хоног ажилласан илүү цагийн хөлсөнд 14 хоног амруулж байгаа" гэсэн байдлаар тайлбарлаж, илүү цагийн хөлс бодож олгохгүй байна.