Гуравдугаар эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг хоёр сартай хүүхдэд мэс засал хийж амийг аварчээ

Админ
2023/01/19

Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн багийн бүрэлдэхүүн Уушигны Венийн бүрэн буруу оролт оноштой 2 сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа. 

Хүүхдийн зүрхний төрөлхийн энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг. 

Энэ удаагийн тохиолдол нь тус эмнэлгийн хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийж байгаа тохиолдол бөгөөд өнгөрсөн онд тус эмнэлэг БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зочин профессорын хамтарсан багаар дээрх тохиолдолтой ижил зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг оношлогдсон хүүхдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж, ажлын байрны мэс засал сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулсан юм.

Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Зүрхний сан”-ын дэмжлэгтэйгээр тус улсын Ионсэй Северэнси эмнэлэгт Монгол улсын эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын баг бөгөөд  цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад бүрэн хийх боломжийг бүрдүүлээд байна. 

 Тус эмнэлгийн хувьд Люксембург, Франц, Япон, Солонгос улсуудын хүүхдийн зүрх судасны мэс заслын багтай хамтарч жилд 5-6 удаагын ийм төрлийн хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулж эмч мэргэжилтнээ сургаж дадлагжуулахын зэрэгцээ, дээрх багуудтай хамтарч жил бүр 20-30 хүүхдэд өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг өөрийн эх орондоо, чанартайгаар хийлгэх боломжоор ханган ажиллаж ирсэн билээ.

Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.109.118
    2023/01/21

    Манай улсад мундаг эмч нар бгаа шүү

    Хариулах
  • 192.82.73.226
    2023/01/20

    Баяр хүргье

    Хариулах