Нийслэлийн Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Бүти Таун хотхоны оршин суугчид энэ өвлийг зутруу өнгөрүүлж байна. Тус хотхон нь 2021 онд ашиглалтад оржээ. 

Хотхоныг барьж, гүйцэтгэсэн "Энхбагана" болон "Бүти" компанийн хариуцлагагүй байдлын улмаас иргэд эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө ийнхүү хохирох болжээ. Өвлийн хүйтэн өдрүүдэд айлуудын цонх байнга хөлөрч, цантаж, мөстөж, жавар сийгэх, дулаан алдах нь ердийн үзэгдэл болсон байна.

 Үүнээс болж айлуудын ханын обой нь хууларч, байр байнгын чийгтэй байхын зэрэгцээ хөгз, мөөгөнзөр үүсэх эрсдэл бий болжээ. 

"Бүти" компани нь усан парк барихаар зөвшөөрөл авч, хашаалсан байсан газраа хожим нь орон сууцны 25 давхар барилгын төсөл эхлүүлсэн нэр бүхий компанийн эздийнх болж таарсан юм. Одоо тус компани нь хэл ам дагуулсан усан парк байгуулах газар Aqua garden цогцолбор хотхон барьж байгаа билээ.