WeLoveU Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын 120 гаруй гишүүн цусны донорын дэлхий дахины хөдөлгөөнөөр “Халуун амь бүлээн цусаа хуваалцъя” уриан дор 42000мл цусыг /2023.2.9/ Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг (ЦССҮТ) зорин очиж хандивлалаа.
ЦССҮТ -ийн захирал Н.Эрдэнэбаяр Монголд өнөөдөр цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ үргэлж өндөр байдгийг цохон тэмдэглэн “Монголд өнөөдөр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж олон арван хүний алтан амийг аварч байна. Элэг шилжүүлэн суулгахад цус бол хамгийн хэрэгцээтэй зүйл. Та бүхний хандивлаж буй цус чухам тэнд хэрэглэгдэж байгаа гээд бодохоор та бүхэн бол чимээгүйхэн ар талд нь байгаад эрдэнэт хүний алтан амийг аварч байгаа дүр нь гараагүй аврагчид юм” гэсэн юм.
WeLoveU олон улсын байгууллага бол НҮБ-ын Олон нийтийн мэдээллийн хэлтсийн түнш байгууллага болох нь эдүгээ 481 дэх удаагийн цусны донорын аян зохион байгуулж байна. Тус байгууллагынхан “Цусыг юугаар ч орлуулж, зохиомлоор бий болгох боломжгүй. Цус гэгч зүйл өөрөө амь гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй. Цусны хэрэгцээ их байгаа хөрш нийгэмдээ туслах цорын ганц арга бол цусаа хандивлах явдал л даа. Манай гишүүд эрдэнэт хүний амийг эрхэмлэн үзэж, тусламжийн гар сунгалаа. Цаашид улам олон хүн энэхүү үйлсэд нэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн мөн сэтгэгдэлээ хуваалцсан юм.
ЦССҮТ-н Маркетинг, нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаа:
- ЦССҮТ болон WeLoveU олон улсын байгууллага тогтвортой хамтран ажиллаж, жил бүр цусны донорын үйл ажиллагааг 10 гаруй жилийн хугацаанд өрнүүлж. Сүүлийн жилүүдэд гамшиг осол нэмэгдэж байгаа бөгөөд энэ хэцүү үеүдийг давахад цэрэг хүчний байгууллага, оюутан залуус, сайн дурын донорууд, ялангуяа ТББ-ууд бидний арын фронт болж ажилласаар ирсэн. Хэдийгээр шинжлэх ухаан хөгжсөөр байгаа хэдий ч цусыг бий болгож чадахгүй байгаа. Зөвхөн хүн хүндээ өгч чадах энэ үнэ цэнэтэй зүйлийг хагалгаанд орж байгаа хүмүүс, хорт хавдартай хүүхдүүд зэрэг хүмүүст байнга хэрэг болж байдаг учраас та бүхэндээ маш их талархаж байна” гэв.
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв:
- Би өнөөдөр энэ үйл ажиллагаанд анх удаагаа оролцож байна. Энэ WeLoveU хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Зан Гил Жа тэргүүнд Монголчуудынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Яагаад гэвэл энэ хөдөлгөөн дэлхий дахиныг хамарч олон сая хүний амийг аврах чухал ажил хийгддэг юм байна.
WeLoveU байгууллагын цус хандивлах арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр Дархан хотод үргэлжлэх юм байна. Энэ 2-р сарын сүүл гэхэд Солонгос, Филиппин, АНУ, Бразил, Аргентин, Кени, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад ч уг аяныг өрнүүлэхээр товлоод байгаа аж. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар тус байгууллага НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, ДЭМБ-аас баримталж буй “Сайн дураараа үнэ төлбөргүй цус өгөх” бодлогын талаар дэлхий нийтэд таниулах зорилготой.
2021, 2022 онд WeLoveU байгууллага нь цусаа хандивлах аяныг Монголд удаа дараа зохион байгуулсан бөгөөд “Ковид-19”-н улмаас цусны донорын тоо эрс буурч, цусны хомсдол нэмэгдсэн үед нэг удаагийн арга хэмжээгээр 49800 мл цус хандивлаж байжээ.
WeLoveU олон улсын байгууллага нь хамтын нийгмийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй ертөнц бий болгохын төлөө ийнхүү хүчин чармайлт гаргасаар байна. Хүмүүнлэгийн үйлсэд тасралтгүй тууштай дэмжлэг үзүүлснийхээ үр дүнд тус хамт олон БНСУ-ын Төрийн дээд одон, АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (тэргүүн дээд шагнал, 8 удаа), Камбожийн Вангийн шагнал, Эквадорын үндэсний ассамблейн одонгоор шагнагджээ. Мөн Монгол улсад Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүндэт өргөмжлөл, Эрүүл мэндийн сайдын хүндэт өргөмжлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн даргын жуух бичгээр шагнуулж байжээ.












Сайхан залуучууд юмаа. Баярлалаа.