Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсээр байна. Ялангуяа томоохон зах худалдааны төвүүдийн ойролцоох замын ачаалал “улаан” түвшинд хүрчээ.  

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Нарантуул, Сандэй зэрэг худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөнтэй холбоотойгоор Нарны зам, Намъянжүгийн гудамжны авто замууд хоёр талдаа өндөр ачаалал авчээ. Мөн Баянгол дүүрэгт байрлах Барс худалдааны төв орчим, III, IV хороолол, Хархорин, Барс-2 худалдааны төвийн орчмын авто замууд болон Дүнжингарав худалдааны төвийн зам нэлээд ачаалалтай байна. Ялангуяа дээрх худалдааны төвийн зогсоол нь дүүрсэний улмаас иргэд зам дээр автомашинаа орхисноос болж зохиомол түгжрэл үүсээд байгаа аж.

 Тиймээс иргэдийг зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ ойролцоо газруудад тээврийн хэрэгслээ байрлуулж, явганаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ зохицуулалт хийн ажиллаж байна.