ДОХИО: Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Админ
2023/03/13

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 13-ны 20 цагаас 03-р сарын 14-ний 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн  аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар  баруун  хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Хүйтэрч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс  голын хөндийгөөр -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8...-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Улз голын хөндий,  Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг.  Шөнөдөө  цас орж,  цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -12...-14 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж,  явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи  баруун хойноос  секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө  цас орж,  цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -8...-10 градус  хүйтэн  байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна