Үе үеийн Нийслэлийн Засаг даргын нарт нэг амбиц байдаг. Тэр нь Туул, Сэлбэ гол. Уг нь нийслэлчүүдийн ногоон байгууламжийн хэрэгцээг дээд зэргээр хангахын зэрэгцээ зохицуулалтыг нь зөв шийдчихвэл хотын шүдний өвчин болсон түгжрэл, явган зам цаашлаад эко системийн тэнцвэрт байдал сайжирснаар иргэдийн амьдрах орчин сайжрах чухал тусгал газар учир тэд ийн санаархдаг. Харамсалтай нь нийслэлчүүд заяа муутай юм. Санаа байвч сачий нь хүрдэггүй “Засаг”-тай байсаар өдийг хүрчээ. Зарим дарга нь бүр хоосон санаа, холхиндог гутал өмсүүлчихээдхээв нэг яваад өгснөөс болж Сэлбэ голын урсац жилээс жилд дундарч “амь тавьж” байна.
Жил бүр “Сэлбэ” нэртэй төсөл эхлүүлдэг ч мөнгө саах арга, мөрөөдлийн албанд томилогдох гишгүүр болсоор ирсэн нь нууц биш. Энэ жил дахиад л гоё нэртэй төсөл эхлүүлж, голын урсцыг нэмэгдүүлэх гэнэ. Хэн хариуцаж, хэн хийх вэ...?
Сэлбэ голын эрэг дагуух тохижилт, урсцыг сайжруулах ажлыг анх 2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр болон Ерөнхий сайд асан Сү.Батболд нар эхлүүлж байв. Тэд “2013 он гэхэд нийслэл дундуур урсдаг Сэлбэ гол нөхөн сэргээгдэнэ. Голын эрэг дагуу зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбайтай болно” хэмээн шоудаж байсан ч бахь байдгаараа өдийг хүрсэн.
Дараа нь Э.Бат-Үүл нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Сэлбэ гол дээр “Усан хөшиг”- хийж байсан удаатай. Гүйцэтгэгчээр “Хан-Урсгал” компани ажиллаж, 70,1 сая төгрөг зарцуулан гурван жилийн баталгаа гаргасан ч нээлтээ хийснээс хойш долоо ч хонолгүй хоолой нь салж эвдэрсэн нь ногоон байгууламжаар дутагдсан нийслэлчүүдээр ёстой нэг тохуурхсан. “Усан хөшиг” гэх энэ сэгний одоогийн дүр зураг нь тун өрөвдөлтэй. Будаг нь халцарсан хэдэн турбоноос ус гоожих нь битгий хэл, арайхийн тогтож байх жишээний.
Ийнхүү сэргэлт хийнэ гэх болгондоо л сэхээнд ороод байсан Сэлбэ гол эрх мэдэлтнүүдэд хэсэгтээ мартагдсан. Харин өнгөрсөн жилээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Сэрүүн сэлбэ” төслийг хэрэгжүүлэхээр болж, удирдагчаар нь жүжигчин Б.Цэцэгийг тавьсан. Хэдийгээр сонгон шалгаруулалт шударга болсон гэх ч удирдагчийнх нь олонд танигдсан имиж, босгох гэж буй санхүүжилт нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртсөн. Улмаар уг төсөл сошиал болон улс төрөө дийлэхгүй байсаар зогсох хэмжээнд хүрсэн билээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэхээр болж, төслийн суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн боломжийг судлан, авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг НЗД Д.Сумъяабазар, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосон талаар Ж.Сүхбаатар танилцуулав.
“Сэлбэ сэргэлт” төслийн үзэл баримтлал, хийх ажил нь “Сэрүүн сэлбэ” төсөлтэй төстэй, магадгүй нэрийг нь өөрчлөөд оруулаад ирсэн байхыг үгүйсгэхгүй ч өмнөх алдаа давтагдахгүй гэх баталгаа алга. Ялангуяа Д.Сумъяабазар бол намдаа төдийгүй нийгэмдээ ч дэмжигчдээ алдсан улстөрч. Аливаа улстөрч хэр амбицтай, дэмжигчидтэй байна, тэр хэрээр өөрийнх нь санаачилсан төсөл, хөтөлбөр шат шатандаа дэмжигдэж, хэрэгждэг жамтай. Гэвч Д.Сумъяабазарын нэр хүнд нь сар, жилээр унасаар буй. Тэр ч бүү хэл нийслэлийнхээ МАН-ын бүлэг дээрээ ч төслөө хамгаалж чадалгүй, унагасан. Ийм хүн Туул, Сэлбэ гол мэт Улаанбаатарчуудын хувьд нүдний цөцгий мэт хайрлах чухал төслийг амжилттай хэрэгжүүлж чадах уу. Хэрэв хэрэгжүүлж буй хувь хүн нь л жул бол тэр хэчнээн чухал төсөл байлаа ч олон нийтийн дэмжлэгийг авч чаддаггүй Б.Цэцэг хангалттай харуулсан.
Гэвч “Засаг” нийслэлийнхний гаргасан алдааг давтах гээд ч байх шиг. Хүн мундсан биш мэргэжлийнх хүнээр удирдуулаад Сэлбэ голоо сэв хийтэл нь сэргээчихвэл ч...








Энэ Цэцэг гэдэг авгай юм юманд оролцох авгай юмаа
Ха ха нэг иймэрхүү нөхөр л хотын дарга гээд попроод л байдаг. Хэн бэ гэдгийг бүгд л мэднэ. Үнэн ичих булчирхайгүй луйварчид юмаа