Ямаан усны дурсгалт газар нь Завхан аймгийн Улиастай хотоос 50 гаруй км, Алдархаан сумын төвөөс баруун тийш 32 км зайтай оршдог, нутгийн иргэдийн шүтээн газрын нэг, далайн түвшнээс дээш 1800 орчим м-т орших Хүннүгийн цогцолбор дурсгал юм. Дурсгалууд боржин чулуулгаас тогтсон эгц өндөр хадан уулсын хөндийд 0.9 х 0,4 орчим км талбайд, нийт 9 бүлэгт хуваагдан тархан байрлах 154 булш дурсгалаас бүрдэж байна.
Судалгааны багийнхан үзэсгэлэндээ Хүннүгийн язгууртны дурсгалтай холбогдох 99 эд өлгийн олдворыг анх удаа дэлгэн, олон нийтэд үзүүллээ. Олдворуудын хувьд сүйх тэрэгний болон адуу малын тоног хэрэгсэл, зүмбэрдэж хийсэн үүлэн хээтэй модон тэвш, алт шармал хүрэл морины дүрст чимэглэлүүд, хаш чулуун эдлэл, шилэн эдлэлийн хэсгүүд, авсны ялтсан чимэглэл зэрэг нь урд өмнө малтан судлагдсан Гол мод 1, Гол мод 2, Ноён уул, Дуурлиг нарс зэрэг Хүннүгийн язгууртны томоохон оршуулгын газруудаас илэрдэг эд зүйлс тул “Ямаан ус”-ны дурсгалт газрыг судалгааны өндөр ач холбогдолтой болохыг нотлож байна. Эдгээрээс гадна СУВАРГА МЭТ МОДОН ЭДЛЭЛ, ХҮРЭЛ УТЛАГЫН САВ нь Монгол нутгаас анх удаа олдож буйгаараа онцлогтой байна.
“Ямаан ус”-ны дурсгалууд нь Хүннүгийн язгууртны дурсгалын гол онцлог болох үүдэвч бүхий “Урвуу Пирамид” хэлбэртэй, тахилын чулуун зураа, дагуул булш гэсэн үндсэн зохион байгуулалттай байна. Хээрийн малтлага судалгааг “Огторгуйн цагаан гарьд сан”, Завхан аймгийн засаг даргын тамгын газраас санхүүжүүлэн ШУТИС, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, МУИС, Улаанбаатарын Их Сургууль, Монголын Үндэсний Музейн судлаач, эрдэмтэд оролцон хамтран ажилласан юм. Уг төсөл нь мөн “2022 оны Монголын Археологийн шилдэг судалгаа”-аар шалгарсан билээ.




























Хаана гарч байгаа юм бэ? Мэдээ ч гэж мэдээ. Үзэсгэлэн нээгдлээ гэчихээд хаана хэдий болтол гарах тухай бичсэн юу алга.
Хаан хэзээ хэдий хүртэл гарах үзмэрүүд вэ !! мэдээнд чинь түй ч алга !