Иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд дүн тавьж, үйл ажиллагаа нь таалагдаггүй улстөрчийн жагсаалтыг тэргүүлж буй. Ер нь тэрбээр сүүлийн үед намынхандаа тэр дундаа нийслэлийн намынхандаа нэр хүндээ алдаж, бүлгийн гишүүд нь Засаг даргаас нь огцруулахаар хөдөлж эхэлсэн гэх. Гэвч Д.Сумъяабазарын хувьд аль хэдийнэ огцрох болзолоо хангасан хүн аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэд аж ахуй нэгжүүдийнхээ эрхийг цөөнгүй удаа зөрчжээ. Тодруулбал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 онд Нийслэлийн Засаг даргын нийт 52 шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн байна.

Өнгөрсөн онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт холбогдуулан үүсгэсэн нийт 92 хэргийг шийдвэрлэжээ. Эдгээр хэргүүдээс долоо нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, нэг хэрэг дээр талууд эвлэрчээ. Харин, нийт 52 хэрэг дээр Нийслэлийн Засаг даргыг хууль бус шийдвэр, үйл ажиллагаагаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Нэг жилийн хугацаанд 52 хууль бус шийдвэр гаргана гэдэг бага тоо биш. Хэрэв өнгөрсөн гурван жилээр тооцвол энэ тоо даруй 3 дахин өсөх магадлалтай. Уг нь Нийслэлийн Засаг дарга гэдэг бол хууль дээдэлж ажиллах зарчимтай. Харамсалтай нь тэрбээр хуулийг ийн удаа дараа зөрчжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Нийслэлийн Засаг дарга хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол огцруулахаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр огцрох үндэслэлээ хангалттай бүрдүүлсэн төдийгүй намын нөхөд ч түүнд хариуцлага тооцохоор хөдөлж эхэлсэн тухай мэдээлэл цахимд өрнөж байна.