Монголын циркчид орох оронгүй, ойчих хаяггүй болоод бүтэн 15 жилийн нүүрийг үзэж байна. Дэлхийн дэвжээ байвч, эх орны тайз алга л байна хэмээн халаглах циркчдийг гудамжинд гаргасан хүн нь тодорхой. Харин төр хэзээ төмөр нүүрээ гаргаж, циркчдэд барилгыг нь хүлээлгэж өгөх вэ...!

Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, хууль бус  хувьчлалуудыг хүчингүй болгосон. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр гээд стратегийн шинж чанартай үйлдвэрүүдийн хувьчлалыг буцааж, төр өөртөө авсан. Энэ нь зарим талаараа зөв шийдвэр байсныг цаг хугацаа харуулж буй. Тэгвэл соёлын салбарыг унагаасан Циркийн хувьчлалыг нэн даруй эргэн харж, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж буй циркчидээ тайзтай болгохыг нийгэм шаардаж эхэллээ.

Циркийн хувьчлал “но” ихтэй болсныг өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан. 2014 онд  ШӨХТГ-аас “АСА” циркийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд “...Менежментийн хувьчлалыг эргэж харах шаардлагатай” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан байдаг.

Улмаар ШӨХТГ-аас шаардлага хүргүүлж байв. Шаардлагад “...ШӨХТГ-ын даргын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу “Аса консалтинг” ХХК /Рояал плаза/-ийн “Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгах талаар дараах арга хэмжээг авахыг шаардаж байна.

Дээрх шаардлагуудын биелэлтийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчлан худалдсан гэрээг цуцалж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу” гэж байв.

Энэ сэдэв тухайн үедээ ШӨХТГ-ын дарга О.Магнай болон Д.Дагвадорж нарын хооронд хэрүүлийн алим болоод л өнгөрч байв. Гэвч энэ бол бодит факт. Циркийн өнөөгийн дүр төрх тэр үеийнхнээс ч долоон дор нүд халтирам болсныг уран бүтээлчид сүүрс алдана ярьдаг. Учир нь 90 жилийн баялаг түүхтэй энэ салбарын гол барилга өдгөө нурж буй, нурааж буй. 

Цагтаа дэлхийн эхний тавд орж гайхагдаж явсан циркийн барилга эзэнгүй хэдэн жил болж, эцэстээ эвдэрч, эргэн тойрон дахь газрууд нь зарагдсаар байна. Монгол Улсад соёлын салбар бие даасан яамтай болоод багагүй хугацаа өнгөрч байна. Анх Соёлын сайд С.Чулуун циркийн хувьчлалын талаар тодорхой арга хэмжээ авч ажиллана хэмээн мэдэгдсэн ч гавиагүй. Харин Ч.Номин сайд яаралтай арга хэмжээ авч циркийн хувьчлалын асуудлыг шийдэх болохгүй бол цирк ч үгүй, барилга ч үгүй, газар ч үгүй болоход ойрхон байна.