“Улаанбаатар олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум-2023” эхэллээ.  Шинэ сэргэлт-Улаанбаатар бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг эрэмбэлж, хэд хэдэн чиглэлд бодлогоор онцгойлон анхаарна гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. 

Ингэснээр  нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүнийгээ дагаад хот төлөвлөлтийг тэлэх, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, зам тээврийн нэгдсэн систем бий болгох, зам замын байгууламжийг өргөтгөх, нийтийн тээврийн санг шинэчлэн сайжруулах, чанар стандарт, менежментийн цоо шинэ тогтолцоог бий болгох, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэллээ. 

Тэрбээр “Өнөөдөр Улаанбаатарын замын хөдөлгөөнд 500 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа нь замын сүлжээнээсээ хэт давсан үзүүлэлт буюу түгжрэлийн гол шалтгаан болж байгаа юм. Тиймээс авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах ажлыг бид үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Бид 2024 ондоо багтаан нийслэлийн авто замын түгжрэлд гол нөлөө үзүүлж буй 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд түгжрэлд гол нөлөө үзүүлэх төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулаад, зургаадугаар сард барилгын ажлыг нь эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд 7,8 км замыг шинэчлэх, 18.8 км авто замыг шинээр барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Замын байгууламжийг холбоос зам, хөндлөн болон босоо замын сүлжээний загвараар төлөвлөж, Улаанбаатар хотыг тойрсон дагуул хотуудыг холбосон авто замын сүлжээг байгуулахаар зорьж байна” гэлээ. 

ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ САНАЛ БОЛГОЛОО

 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх зайлшгүй  шаардлага үүссэн. Энэ хүрээнд хотын төв, дэд төвүүдийг холбосон үндсэн дөрвөн цагариг зам, зургаан хэвтээ, есөн босоо чиглэлийн авто замын сүлжээг бий болгох гэнэ. Шинэ сэргэлт-Улаанбаатар форумын үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг танилцууллаа. Тодруулбал, Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэх төлөвлөлт бүхий “Шинэ тойрог зам” төслийг Монгол Улсын Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын гол замуудын ачааллыг 25 хувь бууруулах юм.

Монгол Улсын Засгийн газар “Сэлбэ сэргэлт” төслийг 2023 онд багтаан хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан  18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Гол онцлог нь голын ай савыг дагуулан газар чөлөөлөлт хамгийн багатай трассыг сонгосон. Хөрсний бохирдлоос хамгаалах, голын урсацыг дэмжих, орчны чийгшлийг нэмэгдүүлэн уур амьсгалын эерэг өөрчлөлтийг бий болгохын хамт ашиглалтгүй талбайг амилуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд ая тухтай орчинг үүсгэх зэрэг байгаль экологийн болон эдийн засгийн олон талт үр өгөөжийг тооцсон төсөл гэв. Мөн гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлснээр гэр хорооллын барилгажилтыг дэмжих давуу талтайг онцоллоо.

            Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос эдгээр төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдад найрсаг, таатай нөхцөлийг бүрдүүлж хамтран ажиллах гэнэ.