Гадаадын их, дээд сургуульд суралцах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас зээл авсан иргэд зээлийн эргэн төлөлтөө хийдэггүй нь илрээд буй. 

Энэ талаар БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа анхлан шүгэл үлээсэн ч бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа халагдсан байдаг. Тэгвэл БШУ-ын сайд Л.Энх-Амгалан О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, ажилд нь буцааж томилох шийдвэр гаргажээ. 

Тэрбээр энэ талаараа "Өчигдөр О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-нд Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан. Асуудлыг зөв болгохын тулд ширээний 2 талд биш ширээний 1 талд хамт суугаад бурууг зөв болгох ёстой" хэмээн цахим хуудаасаараа дамжуулан мэдээлсэн байна.

Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийн хувьд ОХУ-д 2014-2016 онд зээлээр суралцсан байдаг. Улмаар БШУС-ын сайд 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар 32 мянган ам.долларын зээлийг чөлөөлж, тус тушаалыг үндэслэж Д.Гарди “Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай” өөрийн гарын үсэг бүхий албан бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж байжээ. Уг хэрэгтэй нь холбогдуулан АТГ-аас өнгөрсөн 8 дугаар сард Д.Гардид хэрэг бүртгэлт нээсэн байна. 

О.Сийлэгмаа өмнө нь энэ талаар "БЗС-ийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалт 2016 оноос үйлчилсэн байдаг. Иймээс иргэд, олон нийт гадаадад БЗС-ийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл маш хомс буюу мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй.

Нөгөө талаас олон нийт эрх зүйн актын мэдлэг хэрэглээ бага байгаатай холбоотой. Мөн БШУЯ-ны сонгон шалгаруулалт анх суралцуулж эхэлсэн үеэс нээлттэй байхаар журамласан ч тэр бүр хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. 2022 оны Ерөнхийлөгчийн тэтгэлгийн хоёр удаагийн шалгаруулалтад ямар ажлын хэсэг, хэзээ, ямар удирдамжаар шалгаруулах болон бүрдүүлэх бичиг баримт нээлттэй бус, зарлаагүй.

Ерөнхий сайдын тэтгэлгийн 31, Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт 351 иргэний дотоодын болон гадаадад суралцуулах хоёр шалгаруулалт, Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцуулах иргэдийн шалгаруулалтыг мөн л алдаатай хийсэн. Эндээс 2021-2022 оны Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн 1.4 тэрбумын санхүүжилтийн зарцуулалт тусгай сангийн хууль зөрчсөн" хэмээн мэдэгдэж байсан билээ.