Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд олон компаниуд хувьцаа гаргаж, зах зээл өргөжсөөр байна. Энэ бол сайн үзүүлэлт. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр эдгээр үзүүлэлтүүдийн цаана хөрөнгө оруулагчид эрх ашгаа хамгаалж чадаж байна уу гэдэг асуулт өөрийн эрхгүй сонирхол татна. Учир нь иргэн таны хөрөнгө оруулалт хийсэн компанийн хөрөнгө нэг л өглөө “тоос” болчихсон байхад гайхах зүйлгүй болсон талаар учир мэдэх хүмүүс нь ярьж байна.
СЗХ-ны үндсэн чиг үүргийн нэг нь хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж буй компаниудад хяналт тавих. Өөрөөр хэлбэл тухайн компаниудад хөрөнгө оруулалт хийсэн иргэдийн хөрөнгийг салхинд хийсгэхээс хамгаалах. Гэвч тус хорооны удирдлагууд энэ үүргээ умартаж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, чадамжгүй байна гэх шүүмжлэл өрнөж эхэллээ. Үүний учиг нь СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамцтай холбоотой гэх.
СЗХ-ны өмнөх дарга буюу С.Даваасүрэн Т.Жамбаажамцыг шаардлага хангахааргүй жижиг компаниудад давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байжээ. Иргэд хувьцаа гаргаж байгаа компаниудыг СЗХ ясыг нь цайтал шалгадаг гэж бат итгэж, хөрөнгө оруулалт хийдэг. Хэрэв шаардлага хангахгүй компаниуд хөрөнгийн зах зээлд “нэвтэрвэл” олон хүн хохирох магадлалтай. Цаашлаад иргэдийн итгэл мохож, зах зээл нь унах ч эрсдэлтэй. Гэвч ийм ноцтой шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн тэрбээр Д.Баярсайханы үед эргэж орж ирсэн ч хорооныхныхоо итгэлийг алдаж яваа сурагтай. Хуулийн цоорхой ашиглаж олон нийтийн компанийг хэрхэн ХХК буюу цөөн хэдэн хүний компани болгох вэ тал дээр мэргэшсэн, удахгүй хорооны дарга болох учир өөрөө өөртөө тушаал гаргадаг дархан эрхтэй ч иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй хэмээн цоллуулж явна. Үнэндээ тус хорооноос хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр дорвитой ажил хийгээгүй.
Сийрүүлбэл, хэрэв иргэн хувьцаа авбал МХБ, брокерын компани болон СЗХ-д тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Сүүлийн үед олон компаниуд хувьцаа гаргаж, хөрөнгө татаж байгаатай холбогдуулан СЗХ хэдэн тэрбумын ашигтай ажиллаж буй.Мэдээж МХБ, брокерын компаниуд таны захиалгыг биелүүлж арилжаа хийж өгснийхөө хөлсийг авах нь зөв. Харин СЗХ харин танд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ. Таны эрх ашгийг хамгаалах тал дээр юу хийсэн бэ.
Хамгийн наад захын жишээ татъя. Иргэд хөрөнгийн зах зээлд хөрөнгөө өсгөх зорилгоор хувьцаа авдаг. Гэвч авсан хувьцаагаа 15 хувиас дээшээ өсгөж зарвал гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байна. Бүр хэрэг бишидвэлСЗХ-ноос хувьцааны үнэ хууль бусаар өсгөсөн гэх үндэслэлээр 8 хүртэл жилээр хорих боломжтой зүйл, заал одоо ч цагаан дээр хараар бичээстэй байна.
Өнөөдөр иргэн бүрт авсан байраа хэдэн дахин өсгөөд зарах эрх нь нээлттэй байдаг. Харин хувьцаанд ийм эрхгүй байгаа нь нэг талаар Хүний үндсэн хуулиар олгосон хөрөнгө эзэмших эрхийг зөрчиж байгаа хэрэг бус уу. Нөгөө ХК, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаална гэж цээжээ дэлддэг СЗХ энэ тал дээр ямар зохицуулалт хийсэн бэ. Сэрэмжлүүлэг гаргахаас хэтэрдэггүй энэ байгууллага ажлаа хийсэн шиг хийсэн бол иргэд койнд шуурч, их хэмжээний хөрөнгөө алдахгүй байсан нь лав.
Нөгөө талаар бизнесээ олон жил тогтвортой авч явж байгаа компаниуд, хөрөнгийн зах зээлийг сонирхон орж ирэх болсон. Гэвч СЗХ-ны ажилчид чадвар муу, ёс суртахуунгүй, хамгийн наад зах нь харьцааны соёлгүй мэргэжилтнүүд нь хүнд суртлыг утгаар нь үзүүлж, байгаа тухай яриа тогооноосоо хальжээ. Ялангуяа СЗХ-ны доод шатны мэргэжилтнүүд IPO хийхээр зорьж буй компаниудын захирлуудыг хүүхдээ загнаж байгаа аятай загнаж, хууль зөрчсөн баримтыг баримтыг авчрахыг тушаадаг гэнэ.
Тухайлбал, СЗХ-ны үнэт цаасны газраас банкнуудыг компанийн дүрмээ ТУЗ-аараа батлуулж авчир гэж шаарджээ. Угтаа өнөөдрийн мөрдөгдөж буй компанийн хуульд дүрмийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулахаар заасан байдаг. Гэтэл СЗХ-ны боловсон хүчин мэдлэг чадвар дутмаг уу эсвэл санаатайгаар уу, ямартай ч хууль зөрчсөн бичиг баримт авчрахыг шаарджээ. Тэгсэн атал хэд хоногийн дараа өнөөх тогтоолоо хүчингүй болгож авчир хэмээн хуульчдыг мэл гайхуулж, цэл хөхрүүлж байгаа гэх. Энэ мэт СЗХ чадамжгүй удирдлага, чадвар муутай мэргэжилтнүүдийн үйлдэл хэрээс хэтэрчээ.








СЗХ нээрээ л сул болсон. Энэ Жамба гэдэг эр маш олон хүн ажлаас нь халсан. Жинхэнэ нохойд барьдаг мод нь юм шүү.
Hogiin gar, shunalt har Jambaa gej