Өмнөговь аймгийн ЗДТГ, АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Монголын дата клуб, ОУСК, Хил хязгааргүй алхам ТББ хамтран Өмнөговь аймгийн уул уурхай бүхий сумдад “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хоёр сарын аяныг зохион байгуулж буй. Уг аяны хүрээнд өнөөдөр Цогтцэций суманд “Биднийг нэгтгэх хариуцлага – Датагаар ойлголцъё” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэ үеэр  Монголын дата клуб Өмнөговь аймгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар үзэсгэлэн мэдээлэл гаргалаа. Үзэсгэлэнгийн усны талаарх мэдээллийг сонирхуулъя. 

- Сүүлийн 5 жилийн хугацаанд Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн усны хэрэглээ 3 дахин буюу 30-40 сая.м3-аар нэмэгдсэн нь усалгаатай газар тариалангийн талбай нэмэгдсэнтэй холбоотой байна. Өмнөговь аймгийн усны хэрэглээ 5 жилийн өмнөхтэй харцуулахад 57 хувиар буюу 12.7 сая.м3-аар нэмэгджээ. 

- Манай улс жилд дунджаар 45-48 тэрбум орчим төгрөгийн усны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Үүний дийлэнх буюу 70-80%-ийг уул уурхайн салбараас төлсөн төлбөр эзэлж байна. Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй 7 топ уул уурхайн компани дунджаар 15-17 тэрбум орчим төгрөгийн усны төлбөрийг аймагт төлдөг аж. 

- Аймгийн усны хэрэглээнд гарч буй гол өөрчлөлт нь хүн амны унд, ахуйн зориулалтад ашиглах усны хэмжээ 4 дахин нэмэгдсэн байна. Цогтцэцийн сумын хувьд уул уурхайн ус ашиглалтаараа аймагтаа тэргүүлж байгаа бол төмөр зам, унд ахуйн хэрэглээний усны хэрэглээгээгээ мөн л аймагтаа дээгүүр бичигдэж байна.