Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Тодруулбал 2023 оны 06 дугаар сарын 26-ний 21 цагийн үед Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ. Тиймээс Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.

1. Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 02 цагаас 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
2. Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01 цагаас орох, гарах хөдөлгөөнийг 6 хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
3. Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02 цагаас 6 хоног түр хориглох
4. Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМТөвийн дарга удирдлагуудад өгч ажиллаж байна.