Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн ногоон байгууламжийн ургалтын байдлыг харгалзан мөнгөн болон бусад урамшууллын системийг бий болгож байгаа. Энэ жил намрын мод тарилтаар гэр хороолол, алслагдсан хороололд мод тарих ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ногоон байгууламжийн дийлэнх хувь нь хотын төв болон байшин хороололд байдаг, гэр хороололд бага байдаг. Мөн хөрсний доройтолд орсон, шавжид идүүлсэн ойн санг сэргээх ажлыг гаднын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байгаа. Иймээс дүүргүүдийн удирдлагууд дээрх ажлуудад саналаа өгөөрэй гэв.
Найман байршилд экологийн коридор байгуулна
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн нутаг дэвсгэрт тархсан зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлсэн экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахаар Ажлын хэсэг байгуулсан. Нийт найман байршил байгаа. Үүнээс зургаа нь Төв аймгийнх, үлдсэн хоёр нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт бий. Мөн Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч, БОАЖЯ-нд хүргүүлсэн гэлээ.
Цэцэрлэгийн бүртгэл 73 хувьтай байна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв.

Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 667 цэцэрлэгт 142,798 хүүхэд сурч, 4726 багш ажиллах бол ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байгаа юм. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд бүртгэл 73.3 хувьтай байна. Наймдугаар сарын 21-25-нд хүүхдүүдийг цэцэрлэгт нь хуваарилна. Нэгдүгээр ангид элсэхээр 37,727 хүүхэд хүсэлт гаргаад байна. 2023 он гарснаас хойш таван сургууль, бага сургууль, цэцэрлэгийн хоёр цогцолбор, 14 цэцэрлэг ашиглалтад орсон.
Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт сургуулийн хүүхдийн 288 автобус үйлчилгээнд явна. I-V ангийн сурах бичгийг 100 хувь төрөөс үнэ төлбөргүй хангана. VI-XII ангид 27,820 багцын нийт 430,580 сурах бичиг нийлүүлэгдэх аж.








Гачууртын шар хоолой зам муутайгаас дуртай газраар явж ногоон орчныг сүйтгэж байна даа ээ халаг