#Шууд: “Акуа гарден”хорооллыг албадан буулгах захирамжийг газар дээр нь танилцуулж байна

АКУА ГАРДЕН: 

-  Анх 2007 онд 40 мянган айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор энэ газрын орон сууцжуул  гэж улс өөрөө өгсөн. Төслийн багаас тодорхой хэсгийг нь усан парк болгож өөрчилснөөс биш анхнаасаан орон сууцны зориулалтаар олгосон байршил. 

- Улсаас олгодог бүх зөвшөөрөл хууль ёсны дагуу. Бид хууль зөрчсөн бол хүндэтгэлтэй хандана. Гэвч манай төсөл 500 гаруй өрхийн өмч шүү дээ. Бидний зүгээс эдгээр өрхүүдийн хохирлыг яах вэ гэдэг ихээхэн санаа зовж байна. 

- Хэвлэлийн хурлын үеэр бүх зөвшөөрлөө тарааж өгсөн. Одоо ч манай барилгын ажил явагдаж байна. Өчигдөр л анх удаа нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Бид шүүхэд хандана. Үерийн асуудлыг шийдэх шийдэл өчнөөн бий. Манай зүгээс далан гүүр шинэчлэх асуудал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд саналаа хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Энд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө бий. Буулгахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Гэвч эдгээр хөрөнгийг улсаас л гаргана.  МАН--ынхан дараагийн сонгуульд гарах оноо авах гэж ардаа ямар ч хамгаалалтгүй бизнест төрийн төмөр нүүрийг гаргаж байна. Ингэж сонгуульд оноо авахгүй. 

ЗАХИАЛАГЧ: 

- Ард түмэн минь үнэнийг мэдэх эрхтэй. Энэ хорооллыг олон нийт Авлига хороолол гэж байна. Гэвч энэ хороолол авлига авсан хүн нэг ч байхгүй. Би захиалга өгөхөөсөө өмнө бүх зөвшөөрлийг нь харсан. бүгд хууль ёсны дагуу байсан. Дээр нь усан парктай, сургуультай, цэцэрлэгтэй төсөл байсанд олзуурхаж, жилийн өмнө захиалгаа өгсөн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнгөрсөн жил автобусанд явж байхдаа манай барилгын талаар бүх зөвшөөрөл нь хуулийн дагуу гэж мэдэгдэж байсан. Тухайн үед зөв газраа хөрөнгө оруулалт хийсэн байна гэж бодогдсон. Гэтэл өнөөдөр албадан буулгахаар захирамж гаргачихсан байна. 

ЗАХИАЛАГЧ: 

- Нийслэлийн удирдлагуудын зүгээс захиалагчдын хохирлыг төсвөөс гаргана гэж байна. За өнөөдөр барилгаа буулгуулчихдаг юм байж. Гэтэл бидний хохирлыг хэзээ өгөх тодорхойгүй. Ирэх жил сонгууль болно. Хэрвээ энэ хүмүүс гарч чадахгүй бол дараагийн хүмүүс нь бидний  хийсэн ажил биш, аягүй бол манай намынх биш гээд өгөхгүй. Ийм дүр зураг харагдаж байна. Дээр нь жил ирэх бүр байрны үнэ нэмэгдэж байна. Дахиад л бидний халааснаас мөнгө гарна шүү дээ.

ЗАХИАЛАГЧ: 

- Хотын төвд үүнээс илүү хямд үнэтэй байр байхгүй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар  шударга ёс ярьж ярьчихаад шударга бус үйлдэл хийж байна. Ирээдүйд ийм улсад хүүхэд минь өснө гэхэд хэцүү санагдаж байна. Захиалагчдын хохирлыг улс барагдуулна гэлээ. Би өөрөө татвар төлөгч. Тэгэхээр би өөрөө өөрийнхөө төлсөн татвараар өөрийнхөө хөрөнгийг буулгаж байна гэсэн үг.