Хүүхэд багагчууд, оюутан залуус, эрдэмтэн багш, эцэг эхчүүд та бүхэнд 9 дүгээр сарын 1, хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндийг дэвшүүлье.

2023-2024 оны хичээлийн жил шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Шинэ хичээлийн жилд та бидний хүүхдүүд:

Эх хэлээрээ шинжлэх ухааны мэдлэгийг олж, соёл уламжлалаа хадгалахын зэрэгцээ англи хэлийг төр, хувийн сургуульд хот, хөдөө сурахаас үл хамаарч бага ангиасаа суралцаж, дэлхийн мэдлэгийн сангаас өөрийн хүссэнээр хүртэх боломж нээгдлээ.

Шавийн эрдэм багшаас гэдэгчлэн Монголын төр сурган хүмүүжүүлэгчдийнхээ суурь хэрэгцээ, суралцах боломжид онцгой анхаарч байна. Монголын мянга мянган багш дэлхийн тэргүүлэх улс орнуудад, GOOGLE зэрэг мега компаниудын дэмжлэгээр мэргэжил дээшлүүлэх үүд хаалга нээгдлээ. Дотооддоо багш мэргэжлийг сонгон суралцагчдын босго өндөр болсны зэрэгцээ сургалтын төлбөрийг төр бүрэн хариуцах боллоо. Ажиллах орчин, нөхцлөөс хамаарсан урамшуулал, дэмжлэгийг шат шатанд олгож, багшийн нийгмийн асуудалд онцгой анхаарч эхэллээ.

Эрдэм мэдлэгийг дээдэлж, ирээдүй болсон хүүхэд залуусынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг олны зүтгэл, төрийн дэмжлэгээр хот, хөдөөгийн боловсролын байгууллагын барилга, сургалтын орчны ялгаатай байдлыг арилгах чиглэлд ч ахиц, өөрчлөлүүд гарсан байна.

2023 онд улсын хэмжээнд нийтдээ 125 сургууль, 131 цэцэрлэг, дотуур байр, спорт заал зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, энэ онд 78% нь ашиглалтад орж, хүүхэд, залуусаа хүлээн авч байгаа таатай мэдээ байна.Гагцхүү тэгш, хүртээмжтэй боловсролыг олгох чиглэлд төрөөс хэрэгжүүлж буй дээрх боломж нэг бүрийг үр дүнд хүргэж, үнэ цэнтэй болгоход эцэг эх, сурагч, багшийн хамтын ажиллагаа, зөв хандлага туйлаас чухал юм.

Хөгжлийн хүч болсон чанартай боловсролыг эзэмшихэд идэвхийлэн шамдаж, эх хэл соёл, уламжлалаа дээдэлсэн улс орондоо хэрэгтэй, эрдэм номтой дэлхийн иргэн болохын төлөө хичээнгүйлэн суралцацгаая.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ