Монгол-Хятадын IV экспо “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, Хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриа дор ӨМӨЗО-ны Хөх хотноо өнөөдөр /2023.09.06/ албан ёсоор нээлтээ хийлээ.


Энэхүү үзэсгэлэн яармаг нь Монгол, Хятад хоёр улсын бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн идэвхжүүлж, эдийн засгийн хөгжлийг ахисан түвшинд хүргэх өндөр ач холбогдолтой болохыг талууд тодотгож байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус экспогийн нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгнээс онцолбол “Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний хороог байгуулж, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу бид бүс нутгийн цөлжилт, шар шорооны шуурганы дэгдэлтийг бууруулах олон ажлууд хийж байгаагийн зэрэгцээ, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өргөн далайцтайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын хүрээнд сайн хөршийн харилцаатай БНХАУ, ялангуяа манай улстай байгаль, цаг уур, аж ахуй эрхлэх арга барилын хувьд ижил төстэй ӨМӨЗО-той нягт хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв” саяхан байгуулагдсаныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогодоо “Итгэл даах, урт удаан хугацаанд найдвартай түнш” байх зарчмыг тууштай баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр олон шинэчлэлийг хийж байна. Энэхүү арга хэмжээ манай хоёр улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, байгаль орчин, банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх талбарыг нээж буйгаараа онцлогтой юм. 

Дэлхий дахинаа олон талт худалдаа, эдийн засгийн тогтолцоонд шинэ сорилтууд тулгарч буй энэ цаг үед Монгол Улсын хувьд хоёр орны улс төрийн харилцааг бататгахын зэрэгцээ эдийн засгийн агуулгыг улам бүр баяжуулах нь чухал гэж үзэж байна.  Энэ зорилтын хүрээнд БНХАУ-тай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааг өргөтгөх, тарифын бус саад тотгорыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудад шаардлагатай хөрөнгө оруулалт татах нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой юм” гэв.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Засгийн газраас хамтран зохион байгуулж буй Монгол-Хятадын эдийн засаг, соёлын энэ удаагийн үзэсгэлэн яармагт нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаагаас манай орноос 500 аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

Албан ёсны нээлтийн дараа Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монгол экспог нээж үг хэлсэн юм. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Монгол, Хятад 2014 онд дэвшүүлж байсан хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт 2021 онд биелжээ. Дараагийн дөрвөн жилийн хугацаанд буюу 2027 он гэхэд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд мэдээж бизнес эрхлэгчдийн санал санаачилга нэн чухал. Түүнчлэн үйлдвэрлэлээ дэмжсэн, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан, экспортод чиглүүлсэн мэргэн бодлого юу юунаас чухал юм. Ер нь Монгол Улс зөвхөн уул уурхайг түшиглэсэн, зөвхөн нэг салбараас хамааралтай байх бус баялаг бүтээсэн, ургуулсан эдийн засагтай байх нь чухал учраас өнөөдрийн экспо цаашид олон амжилт ололт, хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэдэгт итгэл төгс байна”гэдгээ хэлсэн юм.

Мөн нээлтийн үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Ян Жинь манай хоёр улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Хоёр улсын харилцаа зам харилцаагаараа холбогдсон нь нэн чухал боломж. Бид саяхан Эрээн, Замын-Үүдийн авто замын боомтуудаа дахин нээлээ. Улаанбаатар-Хөх хотын шууд нислэг хийгдэж байна. Нислэгийн давтамжийг ч нэмэгдүүлж байна. Энэ мэтчилэн бид хамтын ажиллагаагаа уялдуулан цаашдын хөгжилд, илүү өргөн хүрээний ахиц дэвшилд хамтдаа хүрэх болно” гээд талархал илэрхийлэн амжилт хүслээ.

Тайлбар байхгүй.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдааны эргэлт 2022 онд 13,6 тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 60 гаруй хувь нь БНХАУ-тай хийж буй худалдаа байна. Манай улсын уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Монгол Улсад 2022 оны байдлаар давхардсан тоогоор БНХАУ-ын хөрөнгө оруулалттай буюу хувьцаа эзэмшдэг 9,685 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаа нь нийт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн 48 хувийг эзэлж байна.

Тус экспо нь 2014 оны наймдугаар сард хоёр улсын Засгийн газрын тунхаг бичгийг төрийн тэргүүн нар үзэглэснээр анх 2015 онд зохион байгуулагдсан юм. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус арга хэмжээ цар тахлын дараа 2023 онд ийнхүү 4 дэх удаагаа амжилттай эхэлж байна. 2015, 2017, 2019 онд болсон экспод Монгол, Зүүн хойд Ази, АСЕАН зэрэг40 гаруй улс, бүс нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны төлөөллүүд оролцож байв. Өмнөх гурван удаагийн экспогийн хөрөнгө оруулалтын уулзалт хэлэлцүүлэг, хурал форум, үзэсгэлэн болон соёлын солилцооны арга хэмжээнүүдийн хүрээнд 444 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зуржээ.

Хөрш хоёр орон хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чухал платформ болох энэ экспог талууд хоёр жил тутамд хийсээр ирсэн ч Ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос хойш зохион байгуулж чадаагүй байсан юм. Тиймээс энэ удаагийн экспо хүлээлт өндөртэй, цар хүрээний хувьд харьцангуй өргөн дэлгэр болж байна. Экспо 2023 оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тайлбар байхгүй.