Х.БОЛОРЧУЛУУН: Манай улс энэ жил хамгийн өндөр хэмжээний төмс, хүнсний ногоо хурааж авна

Б.Ариунзаяа
2023/09/21

#Шууд: Х.Болорчулуун: Намрын ногоон өдрүүд тариаланч үйлдвэрлэгчдээс хэрэглэгч шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой…

Х.БОЛОРЧУЛУУН:

- Манай улс энэ жил түүхэндээ анх удаа хамгийн өндөр хүнсний ногоо хурааж авна. Энэ бол УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тариаланчдын маань  уйгагүй хөдөлмөрийн үр шим. Энэ жил ногоон тэжээл 40 хувь, махны экспорт нэмэгдлээ. 2022 онд 16 мянган тонн мах экспортолж байсан бол 8 сарын байдлаар 46 мянган тонн мах гаргаад байна. 

- Мал амьдаар нь гаргана гэх шийдвэр гараагүй байна. Ялангуяа үхэр, адуу зэрэг бод малыг амьдаар нь гаргахгүй. Харин хонь, ямаа 10 хүртэлх хувиар гаргана. Өөрөөр хэлбэл их хэмжээгээр гаргахгүй гэсэн үг. Үндэсний болон дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ёстой. 

- Газар тариалан, малчдын хоорондын маргаан их байна. Энэ намрын чуулганаар Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийг оруулна. Энд хуулиараа тодорхой зааж өгнө. Заримдаа санамсаргүйгээр мал орох зүйл байгаа ч санаатайгаар үйлдэж, эд хөрөнгөд халдаж байгаа хэргүүд бий. Үүнийг Зөрчлийн хуулиар зохицуулдаг ч Эрүүгийн хуульд давхар зааж өгөх талаар яригдах байх.  

- Газар тариалангийн бүсийг төр хашаажуулахгүй. Харин  хашаажуулсан компаниудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Учир нь тэдгээр компаниудын газар бол төрийн мэдлийнх. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлнэ. 

- Жилээс жилд тариалангийн бүсийн үржил шим муудаж байна. Хөрс нэгэнт доройтвол дахин сэргэх боломжгүй. Манай улсын хувьд хатуу ширүүн уур амьсгалтай оронд хөрсөө хамгаалах нь чухал. 

- Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн аж ахуй байх нь тохиромжгүй гэдэг нь хэд хэдэн зүйл харагдаж байна. Гэхдээ ийм бүс нутагт мал байж болохгүй гэж шууд зааж болохгүй. Тиймээс хагас бэлчээрийн МАА байж болно. 

- 165 мянган тонн хүнсний ногоо хурааж байгаа ч зоорийн хүрэлцээ муу. Төрөөс барьж өгөхгүй. Харин ААН-үүдэд 6 хувийн хөнгөлөлтэй зээл олгож байна. энэ жил 21 тэрбум төгрөгийн зээлийг 30 гаруй ААН авсан. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.