Ж.ГАНБААТАР: Манай улс ОХУ-ын бензин, дизель түлшний экспортын хоригт орсон эсэх нь ойрын хоёр хоногт тодорхой болно

Б.Ариунзаяа
2023/09/22

#ШУУД: ОХУ бензин, дизель түлшний экспортоо түр хориглосонтой холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийж байна.

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Үүнтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээллээ. 

Ж.ГАНБААТАР: 

- Өнөөдрийн байдлаар манайд дизель түлш, бензиний нөөц хангалттай байна. Өчигдөр ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарч ОХУ-аас арилжааны дизель түлш, бензин экспортлохыг түр хугацаанд хориглох шийдвэр гарсан. Гэхдээ манай импортолж байгаа дизель түлш энэ хоригт багтаагүй байх гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг бид тодруулж байна. Харин АИ 92 болон АИ 95 авто бензин энэ хоригт орсон. 

- ОХУ дотооддоо евро тав ангиллын автобензин хэрэглэж байгаа. Манай хэрэглэж байгаа нь евро 2. Тиймээс манай улс руу гаргаж байгаа автобензин тус тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг ойрын хоёр хоногт багтааж олон нийтэд мэдээлнэ. 

- ОХУ-ын Засгийн газрын тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол тус хязгаарлалтад хамаарахгүй гэх өгүүлбэр бий. Манай хоёр улсад дээрх агуулга бүхий гэрээ байгаа. Тиймээс гэрээний хүрээнд тус улстай ярилцана. 

- Роснефт компанитай бид олон цагийн турш ярилцлаа. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг Роснефт компаниас авч байна. 2023 оны есдүгээр сарын 23-25-нд ОХУ-ын Төрийн думын дарга Монголд айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор асуудлыг бэлтгэж байна. Бид бүр түвшиндээ шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.183
    2023/09/23

    АНУ-д амьдардаг монголчууд Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм. Тэд Монголчуудыгаа хорлож, АНУ-д амьдрах эрхээ сунгуулдаг бололтой.

    Хариулах