ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Админ
2023/09/22

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 22 дахь удаагийн уулзалт Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 21-ний өдөр “Венагаас Кигали хүртэл: ДГХБО-ын хөгжил цэцэглэлт, өөрчлөлтийн дараагийн 10 жилийн үйл ажиллагааг тодорхойлохын төлөө” сэдвийн доор болов.

Уулзалтыг ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемогоанг Квапе нээж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Дэннис Фрэнсис, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарвазез Ожеда нар үг хэлсэн ба НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч 

Рабаб Фатима ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад хэлсэн үгэндээ ДГХБО-ын “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр” болон түүний Замын зураглалын хэрэгжилтийг эрчимжүүлэх явцад манай улсын олсон амжилт, туршлагыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын санаачилсан Улаанбаатар дахь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлэх, ДГХБО-ын агаарын тээврийн хэлхээ холбоог сайжруулах асуудлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын 41 дүгээр чуулганаар батлуулсан баримт бичгийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг гишүүн улс орнууд, хөгжлийн түншүүд болон бусад талд уриаллаа.

Уулзалтад оролцогчид Руандагийн нийслэл Кигали хотноо 2024 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх үйлсэд хүсэл зориг нэгтэй шамдах, түүний дотор ДГХБО-ын хөгжлийн асуудлаарх дараагийн 10 жилийн төлөвлөгөөг шинэлэг, өөрчлөгч агуулгаар боловсруулахын төлөө үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.9.90.130
    2023/09/24

    ДГХБО-ын Олон улсын судалгааны төв - энэ яг юу хийдэг юм бол? уг нь зөв хөгжүүлбэл хэрэгтэй л юм

    Хариулах