Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөгчдийн хамтарсан Ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өгчээ.

Н.ТЭМҮҮЛЭН: 

-  “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дээрх дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчилсан. 

- Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийднэ. 

- Мөн "БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байна. Энэ талаар Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.

- Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсээд байгаа. Тухайлбал БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна.

-  "Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.