Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” үйл ажиллагааг Улаанбаатарт энэ сарын 6-7–нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Хөвсгөлд ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэл тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ.
Өдөрлөгт тус аймгийн 21 сумын 200 орчим иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах юм байна. Мөн
- “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт,
- “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн,
- “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл,
- “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа,
- “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга,
- “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн,
- “Хөх сувдын орон” урлагийн тоглолт,
- “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр,
- “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.
Иргэд Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг амтлах, худалдан авах боломжтой юм байна.
“Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаагаар нутгийн органик бүтээгдэхүүн, цай, загас, загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, цагаан идээ борлуулна.
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгаар аймгийн бүх сум, нэг тосгон өөрсдийн онцлог, хөгжлийн төлөвлөгөөгөө Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт, талбайн төв тайзан дээр танилцуулна. “Хөвсгөлөөр аялцгаая” - Аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвентүүд, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ Хөвсгөлийн зургаан ястны соёлыг сурталчлах “Хөвсгөл гоёл” загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.
“Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн Чингис хааны музейн нэгдүгээр давхарт нээгдэнэ. Энэ үеэр олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авхуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана. “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг мэдээлж, “Хөрөнгө оруулалтын сан” үйл ажиллагаагаа танилцуулна.
“Тайгын эгшиглэн” тоглолтоор зургаан ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. Мөн “Соён гэгээрүүлэгчдийн өлгий” хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил” хаалтын шоу тоглолт тус тус болно.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!