Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлсэн. Тэд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгаа нь төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух, үүний цаана хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүллийг нуун хаацайлах нөхцөл үүсэх, улмаар хэвлэлээр шүгэл үлээх, эх сурвалжийг хумих зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюул харагдаж байна хэмээн мэдэгдсэн.
Б.УУГАНБАЯР:
Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр "Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь нууц задруулахтай холбогдуулсан уг зүйл заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй гэж мэдэгдэж байгаа боловч мөрдөн байцаалтын үйл явцад нууц задруулсан гэж үзвэл хэвлэл мэдээллийн ажилтнуудыг шалгах, нөгөө талаасаа эх сурвалжаа хэл, тодруул гэдэг дарамт шахалт ирэх тал бий. Энэ зүйл заалтаас болоод маш маш олон ургач байдал бий болох талтай. Уг шаардлагыг УИХ дахь Монгол ардын намын бүлэгт мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад давхар хүргүүлнэ" гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Б.ЭНХБАЯР:
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шаардлагыг өнөөдөр хүлээж авлаа. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэдэг гэмт хэрэг сүүлийн 100 жилийн хугацаанд гэмт хэрэгт тооцогдож ирсэн. 1940, 1960, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад энэ гэмт хэрэг байсаар ирсэн. Гэхдээ хариуцлага тооцдог хүмүүс нь тусгай субьектэд хамаарч ирсэн.
- 2015 оны Эрүүгийн хуульд энэ үйлдлийг мөн л гэмт хэрэгт тооцож ирсэн. Ингэхдээ байлцсан хүн гэдэгт орчуулагч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэргийг оруулж ирсэн. Үүнд сэтгүүлчид хамаарахгүй. Дээд шүүхийн тайлбараар тусгай субьектэд хамаарна. Ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамаатай заалт биш.
- Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагынхан иргэнийг тодорхой хэрэгт буруутгах, урдьчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зааж, чиглүүлэх замаар хонгилддог, хэлмэгдүүлдэг, эд хөрөнгийг нь булааж авдаг, ийм асуудал яригддаг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана.
- Хуулийн байгууллагынхан сүлжээ үүсгэх замаар, зарим тохиолдолд онц их хэмжээний мөнгөтэй сүлбэлдсэн байдлаар ялангуяа улстөрчдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаад өрсөлдөгчөө намнадаг, бизнесийг нь дээрэмддэг явдал гарч байсан. Энэ үйлдэлтэй миний бие эвлэрэхгүй.
- Хэдэн жилийн өмнө Монгол Улсын иргэн Бадамжунай гэдэг хүнийг барьж хорих гэж байгаа, ийм хэрэгт шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл гарсанаас хойш 2 хоногийн дараа Бадамжунай Монгол Улсын хилээр УАЗ-469 машинд нуугдаад гараад явчихсан. Үүнээс болж маш олон жилийн дараа нөхрийг авчирч, шалгаж байна.
- Бага насны хүүхдийн хүчингийн асуудлын талаарх ил гаргавал маш их эрсдэлтэй. Ганцаараа байсан уу, олуулаа байсан уу, хил дамнасан бүлэглэлийн хэрэг байсан уу, эсвэл эд эрхтэний наймаа байсан уу гээд олж тогтооход хүндрэл үүснэ.
- Сэтгүүчдийг гол буруутгаад байгаа зүйл анги нь Худал мэдээлэл тараах. Миний бие 2021 онд Эрүүгийн хуулийн энэ заалт дээр 2 тайлбар оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг тайлбараар, Төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй. Хоёрт, улстөрд нөлөө бүхий этгээд буюу улстөрчид гомдол эрхгүй гэдгийг зааж өгсөн. Энэ хуулийг батлахын төлөө хамтарч ажиллая.
- Эрүүгийн хуульд Доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг өнгөрсөн онд өргөн барьсан. Миний бие үүнтэй санал нийлдэггүй. Гишүүн байхдаа ч байр сууриа илэрхийлж байсан. Тиймээс уг хуулийн төслийг татаж авна.
- Сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчлах шаардлагатай байна. Үүнтэй МСЭ-тэй хамтарч ажиллахыг уриалж байна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!