Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн 9 дүгээр сарын 5-нд Яармагийн зам дээр нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлага тавигдсан. Өнгөрсөн хугацаанд Чингисийн өргөн чөлөөнд байрлуулсан хашлага үр дүнгээ өгсөн тул нийслэлийн удирдлагуудын зүгээс хэд хэдэн газар нэгдүгээр эгнээг тусгаарлахаар шийдвэрлэсний нэг нь Яармаг юм. Гэвч тус зам дээр хашлага тавигдсанаас хойш осол аваар цөөнгүй гарчээ. Тиймээс Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга М.Баяраа Яармагийн нэгдүгээр эгнээнд байрлуулсан зарим хашлагыг буулгах шийдвэр гаргасан байна. 

М.БАЯРАА:

-  Юуны өмнө түгжрэлийн эсрэг нийтийн тээврийг саадгүй зорчуулах шийдвэр өөрчлөгдөөгүй гэдгийг онцолъё. Яармагийн замд өнгөрсөн 9 дүгээр сарын 5-наас 6,6 км замд хашлага тавьсан. Энэ замд нийт 10 автобусны буудал байдаг. Хашлага тавигдснаас хойш нийтийн тээврийн эргэлт, зорчигчдын тоо нэмэгдсэн. Нийт иргэдийн зорчилт 30 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Өөрөөр хэлбэл эерэг тал гарсан. Гэвч зарим газарт тавигдсан хашлага авто машины хөдөлгөөнд саад учруулж байгаа учир өнөөдрөөс авч байна. Гэхдээ бүх хашлагыг нь авахгүй. Зарим шаардлагатай газруудад буюу автобусны буудал, сургууль, цэцэрлэгийн орчмын хашлагыг үлдээнэ. Учир нь өнгөрсөн хугацаанд Яармагийн зам дээр хайс мөргөх осол нийт 12 удаа гарсан бол гэрлийн шон, ногоон байгууламж мөргөх мөн цөөнгүй гараад байна.