Өнгөрсөн шөнө буюу 2023.10.25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг дор долоон хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. НОБГ-с нийслэлийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.

НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.МӨНХСАЙХАН: 

- Энэ оны арван сарын байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт 1,400 гаруй удаагийн гал түймэр, гамшиг ослын дуудлага ирсэн. Үүнээс 1,300 гаруй нь түймрийн дуудлага. Гал түймрийн дуудлага дотор ахуйн гал түймэр дийлэнх хувийг эзэлж байна.

- Ахуйн гал түймэр цахилгааны утас, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй цоожилсон, галтай болгоомжгүй харьцсан буюу үнс, нурмаа ил задгай хаяснаас болж гарч байна.

- Өнгөрсөн Даваа гарагт Баянзүрх дүүрэгт хоёр айлд гал түймэр гарч хоёр иргэн, өнгөрсөн шөнө нэг айлд долоон хүн гал түймэрт амиа алдсан харамсалтай явдал боллоо. Ахуйн гал түймрээс сэргийлж, бидний өгч буй зөвлөгөөг дагахыг хүсье. Өнгөрсөн шөнө гарсан галын тухайд "2023 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хороонд гал гарсан тухай 03:48 цагт дуудлага ирсэн. Тус дүүргийн Гал түймэр унтраах 26 дугаар аврах ангийнхан шуурхай очсон ч гал тархсан байсан. Нэмэлтээр Баянгол дүүргийн гал түймэр унтраах 18 дугаар ангийн аврагчид очиж, 2 цаг 30 минутын ажиллаж унтраалаа. Нийт 30 албан хаагч, дөрвөн автомашинтай ажилласан.

Гал түймрийг бүрэн унтраагаад СХД-ийн цагдаагийн хэлтсийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд гал түймрийн хэргийг хүлээлгэж өгсөн.

Одоо Цагдаагийн байгууллагын шинжээч нар гал юунаас болж гарсныг тогтоохоор хэргийн газар дээр үзлэг хийж байна.

Гал гарсан объект нь хоёр давхар монсардтай, залгаа гарааштай палкан өвлийн байшин, гал түймэрт тухайн айлын долоон иргэн амиа алдаж, таван иргэн аврагдаж гарсан" гэлээ.