МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Захиргааны өргөтгөсөн хурал өнөөдөр болж, МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг  хэлэлцжээ. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Тодруулбал   Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэжээ. 

Тэрбээр өөрийн албан тушаалдаа БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг нэр дэвшүүлсэн байна. Улмаар  Д.Жавзандорж ламыг тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонх  буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилсон байна. 

Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.