#ШУУД: МБА-наас цэрэг нас барсан асуудлаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.МИШИГДОРЖ:

- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн Д нас барсан хэргийн талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд товч мэдээлэл өгье.
- Тухайн хэргийн талаар цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 13ны өдрийн өглөөний 06.21 цагт дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу МБА, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын багтай хамтран хэргийн газрын үзлэг хийж, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан.
- Мөрдөн шалгах ажиллагааг хууль заасны дагуу тасралтгүй явагдаж байна. Шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэг авах, тухайн ангид байх хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээгээр шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдрийн хоолноос дээж авч шалгаж байна.
- Талийгаач 11 дүгээр сарын 12-ны өдөр Нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамтаар өглөөний бослогоор босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, бүжгийн сургуулилт хийх, цас цэвэрлэх, хоолондоо орж, оройн тоондоо ороод 22:34 цагт амралтынхаа байр руугаа орсон байна.
- 11 дүгээр сарын 13-ны өдрийн өглөөний бослог зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан тул цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.
- Одоогоор Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Жишиг хугацаа нь 21 хоног байдаг. Мөрдөгчийн зүгээс 14 хоногийн дотор дүгнэлт гаргуулахаар өгсөн. Хугацаа нь сунгагдах боломжтой.
- Хохирогчийн ар гэрийнхэн хяналтын камеруудыг үзэх хүсэлт гаргасан. Бичлэг үзүүлэх зөвшөөрлийг өчигдөр хангасан. Буяны ажилтай холбогдуулан ар гэрийнхэн нь өнөөдөр 13 цагт үзэхээр болсон.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ... гаднын нөлөөтэй болон сэжигтэй байдлаар нас барсан бол заавал шинжилгээ хийдэг эрхзүйн зохицуулалттай.
- Тухайн цэргийн анги дээр 8 хяналтын камер байдаг. Үүнээс хоёр нь Хуурай замын командлал дээрээ байдаг.
- 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тухайн анги дээр 22:35 цагт хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэгт Г гэгчийг холбогдуулан шалгасан. Энэ хэрэгт Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх 14 жилийн ял оноосон.
- Он гарснаас хойш 6 цэргийн алба амь нас хохирсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүний гурав нь зэвсэгт хүчний, гурав нь хил хамгаалах байгууллагынх байна. Эдгээр хэргүүд бүгд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм билээ.