Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 17-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээллийг сонслоо. Тус Комиссын дарга Ж.Хунан зэвсэгт хүчний ... дугаар ангид гарсан асуудалтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулжээ.
Ж.ХУНАН:
- Зэвсэгт хүчний … дугаар ангид Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн ажиллахдаа тухайн ангид алба хааж байгаа байлдагч нартай ганцаарчилсан ярилцлагыг хийсэн. Нийтдээ 138 хүнтэй, хоёр өдрийн турш ганцаарчилсан ярилцлага хийж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас камерын бичлэг, төхөөрөмжийг шалгахаар авсан байсан учир Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн тухайн ангийн камерын бичлэгийг үзэх боломжгүй байсан. Тиймээс баг бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчдын байр, эмнэлэг, спорт төв, гал тогоо, ариун цэвэр сахих байгууламжид хяналт, шалгалт хийж, зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагчид шаардлага хангахгүй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан.
- Ганцаарчилсан ярилцлагын үеэр хугацаат цэргийн алба хаагчид долоо хоногт нэг удаа усанд ордог, ариун цэвэр сахих боломжгүй байдаг, хоолны чанар муу байгаа талаарх саналыг олон давтамжтай хэлж байсан. Камерын хяналт сул байдгаас байлдагчдын хувийн эд зүйлс алга болох тохиолдол цөөнгүй байдаг талаар дурдагдаж байсан. Түүнчлэн байлдагчид нийтдээ ханиалгатай, уушгины хатгалгаа туссан байх магадлалтай байсан ч цөөн эм өгөх төдийгөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байсан нь Комиссын баг бүрэлдэхүүний анхаарлыг татсан.
- Оюутнуудыг цэрэгт татснаас үүдэн сургалтын төлбөрийн асуудалдаа санаа зовж буй талаараа цөөнгүй байлдагч хэлж байсан нь анхаарах ёстой асуудал. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль хяналтын байгууллагууд холбогдох ажиллагаа явуулж байгаа тул эцсийн дүгнэлт гаргаагүй бөгөөд холбогдох баримт, мэдээлэлтэй танилцаж, нягталсны дараа эцсийн дүгнэлт гарч, зөвлөмж, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно гэв.
2021 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдын эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа гомдол, мэдээлэл хүлээн авах тусгай суваг буюу 92050222 тусгай дугаарыг нээж, ажиллуулсаар байна. Энэ сувгаар хугацаат цэргийн алба хаагчдын, энэ хүрээнд сүүлийн таван жилийн доторх мэдээлэл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд нийт дөрвөн гомдол иржээ. Үүний хоёр нь хугацаат цэргийн алба хаагчийн гомдол байсан аж.
ХЭҮК-оос суурь судалгааг тухайн жилдээ зэвсэгт хүчний 16 анги, байгууллагын 1500 орчим алба хаагчийг хамруулан хийсэн байна, мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн 126 кейс дээр түүвэр судалгаа хийжээ. Энэ судалгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээр танилцуулсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурал холбогдох тогтоолыг баталж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг шалгах хүрээнд зэвсэгт хүчний долоон ангид Хүний эрхийн Үндэсний Комисс ажилласан байна. Тухайн тогтоолд "цэргийн албанд хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлд дүгнэлт хийж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн дүрмийн бус харьцааг илрүүлэх, бүртгэх, таслан зогсоох арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавих"-ыг даалгасан ч хэрэгжилт хангалтгүй байгаа аж.
Тухайлбал, ахуйн болон арын ажил, албыг хугацаат цэргийн алба хаагчдаар гүйцэтгүүлсээр байвал осол, эндэгдэл, золгүй тохиолдлууд гарах, амь насаа алдах эрсдэл буурахгүй гэдэг дүгнэлтийг гарчээ. Тиймээс хугацаат цэргийн алба хаах явцдаа эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан иргэдэд нөхөн төлбөр олгох, тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагын талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд мэдээллээ.
- 2021 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгааны үеэр 126 кейс дээр нэгбүрчлэн ажиллажээ. Үүний 15 нь хугацаат цэргийн алба хаах үедээ амь насаа алдсан кейс байсан бөгөөд 4 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгджээ. Тодруулбал, 1 хэрэг хэрэгсэхгүй болж, 3 хэрэгт 4 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Түүнчлэн нийт 126 кейсийн 67 нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 44.5 хувь нь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан гэх зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.
Цэргийн анги, байгууллагын нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах арга барил оновчгүй, амьдрах, байрлах нөхцөл шаардлага хангахгүй байгаа талаарх дүгнэлтийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд багтаасан гэдгээ ажлын хэсгээс хэлж байв.
Түүнчлэн ажлын хэсгээс монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн суурь асуудлыг судлах зорилгоор 19-25 насны 10.000 эрэгтэй хүнийг хамруулахад 60 орчим хувь нь архи, тамхины хэрэглээ, эрүүл зөв хоололтын дадалгүй, хөдөлгөөний дутагдалтай байснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай байсан гэх мэдээллийг өгсөн.
Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт эрэгтэйчүүд хамрагддаггүй, гэнэтийн осол, золгүй тохиолдлын 95 хувь нь эрэгтэйчүүд байдаг талаарх тоо баримтыг танилцууллаа. Батлан хамгаалах салбарын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн ойлголтын талаарх агуулга, модуль байхгүй байгааг тэмдэглэжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!