#ШУУД: УИХ-ын дарга Г.Занданшатар ГХО-ын тухай хуулийн газрыг 100 жил ашиглуулахтай холбоотой заалтыг татаж авч байгаагаа мэдэгдэж байна

Г.ЗАНДАНШАТАР: 

- Хэдийгээр хаврын сар гарсан ч цас зудны аюул нүүрлэж байна. Өвөлжилтийг хүндрэлгүй давахын тулд өнгөрсөн 10 сараас эхлэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Малчдадаа туслах зорилгоор Сэтгэлийн тусгал аянд нэгдэж, дэмжихийг уриалж байна. 

- Монгол Улсын иргэн н.Номуун-Эрдэнэ ГХО-ын тухай хуулийн газрыг 100 жил эзэмшүүлэх, ашиглуулах  тухай 2013 оны хуулийн заалтыг хүчингүй болгохыг D- parliament.mn сайтад өргөдөл гаргасан. 7 хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэн гарын үсгээ зурсан. Тиймээс газрыг 100 жил эзэмшүүлэх, ашиглуулах  тухай 2013 оны хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. 

- Ер нь Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалтын хэрэгжилтийг хянан шалгах зайлшгүй шаардлагатай байна. Хөдөө орон нутгийн иргэд газар эзэмшүүлэх хууль гарсан боловч зарим иргэд 0,07 га газраа ч авч чадаагүй байхад яахаараа гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх эрхтэй байдаг юм бэ гэдэг асуудлыг хөндөж байна. Өмнөговь аймагт асуудал гарсан талаар иргэд ярьж байна. 

- Газрыг танил тал, эрх мэдэлтэй нь авдаг ийм үзэгдэл хавтгайрлаа. Тиймээс газар олголт, ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын тооллого, төсөвт оруулж байгаа зэрэгт хянан шалгалт хийх. Түр хороо байгуулж уг асуудлыг нээлттэй хэлэлцэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж байна. 

- Газар бол улсын үндэс, эдийн засаг бизнесийн үндэс, газар бол тухайн улсын аюулгүй байдал, оршин тогтнохын үндэс учраас УИХ-аас тусгайлсан хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж байна. 

- Монгол Улсын халдашгүй дархан өмч болсон баялагтай, нөөцтэй газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, өндөр босготой хаалт бүхий хуулийн төслийг боловрсуулна. 2013 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн энэ заалтыг хүчингүй болгох ёстой.