Хаврын тэнгэр олон ааштай гэлцдэг шиг бидний сэтгэл доторх хавар ч олон өнгийн үзэгдэлтэй. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд гийх нар гэрэл гэгээ болсон бодлууд, сэтгэл догдлуулсан мэдрэмж, аа эсвэл сэвшээ салхи шиг хөнгөн бодол, үүрч даахгүй их гуниг эргэлзээ зарим хүмүүст өндийх тэнхэлгүй мэт ядрах мэдрэмж өгдөг байх.
Өглөө нь дулаан байна гээд нимгэн хувцасласан байтал үдэд даарах мэдрэмж аваад хаврын тэнгэрт гомдоллох томоогүйхэн сэтгэл минь. Өнөөдөр давхарлаж өмсөнө гээд өдрийн алдад халууцан гартаа хүрмээ савчуулан алхах эргэлзээт өдрүүд. Мөнөөх анхны яргуй гэдэг шиг мөдхөн бидний сэтгэл хавартаа зохицоод хөл дээрээ тэнцэж ядан алхалж буй хүүхэд шиг л дэн дун байдаг бололтой.
Юутай ч хавар шинэ бүхний эхлэл үүнтэй хэн ч маргахгүй биз. Бидний дээрээс дулаан нар ээж, бидний дэргэдэх цэцэгс дэлгэрч, төлийн дуу малчин айлын хотоор нэг цангинаж, гол горхины чимээ чихэнд улам ойртох нь түүнээс тансаг чимээ үгүй гэмээр.
Хосууд хотын гудмаар хөтлөлцөөд алхах тэр дүр зураг, одоо л нэг дулаарлаа гэсэн шиг байрны гадаа бужигналдан тоглох хүүхдүүд хэчнээн баясгалантай. Хавар гэхээр л хамаг хүний сэтгэл хүүхдийнх шиг хөөрч догдлон мөдхөн л гүйж яваад бүдэрчхээд ээжээ гээд л туньж байгаа хүүхэд шиг л эмзэг байдаг байх нь. Байгаль дэлхий өнгөө засаж эхэлмэгц хүмүүний сэтгэл ч дагаад л өнгө өнгөөр хувирч байдаг нь гайхалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна