Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Баясгалантай цахим гэмт хэрэг түүнийг тойрсон асуудал сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Танд энэ өдөр зав гаргасанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Т.Баясгалан гэдэг. Би Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ажилладаг. Энэ чиглэлээр сүүлийн 3 жил ажиллаж байна.

- Сүүлийн жилүүдэд Монгол Улсад кибер гэмт хэрэг хэр ихээр нэмэгдэж байгаа бол?

- Ер нь бол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Ялангуяа цар тахлын үеэс хойш цахим орчинд хүмүүсийн хандалт нэмэгдсэнтэй холбоотойгоор цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг өссөн. Хувийн мэдээлэл алдагдах, цахим залилан гэх мэт олон төрлөөр илэрч байгаа.

- Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог Кибер гэмт хэргийн хэлбэр юу байна вэ?

Хамгийн түгээмэл нь фишинг төрлийн гэмт үйлдлийн арга ашиглагдаж байгаа. Энэ ямар төрлийн арга бэ гэхээр цахим орчинд таныг өгөөшинд автуулах арга юм. Жишээ нь утасны дугаараа өгөөч, дата орно, дата авахын тулд баталгаажуулах кодоо өгөөрэй гэх мэт.

- Эдгээр гэмт хэргийг зогсоох, урьдчилан сэргийлэх тал дээр манай улсад ямар арга хэмжээ авч байна вэ?

- Цагдаагийн байгууллагын зүгээс энэхүү төрлийн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн болон  урт хугацааны урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа. Мөн сүүлийн үед хууль эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Гэхдээ техник, хүний нөөцийн дутагдал, олон нийтийн мэдлэгийн түвшин бага байгаа нь бэрхшээл болж байна.

- Олон нийтийн кибер аюулгүй байдлын талаарх ойлголт хэр байгаа вэ?

- Манай Улсын иргэдийн цахим орчны хэрэглээний мэдлэг сайжирч байгаа хэдий ч түүнийгээ дагаад гэмт этгээдүүдийн үйлдлийн арга бас нарийсаж байгаа. Иргэдийн хувьд цахим орчинд өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал асуудал болж байна.

- Таны ажиглалтаар Кибер гэмт хэрэгт өртөж буй хүмүүсийн дийлэнх нь ямар бүлэг байна вэ?

- Ер нь бүх насны хүмүүс өртөж байгаа ч, ихэвчлэн 18–35 насныхан түлхүү байна. Учир нь энэ насныхан цахим орчинд идэвхтэй, олон төрлийн апп, сошиал хаяг хэрэглэдэг. Тэр хэрээрээ эрсдэлд илүү өртдөг. Гэхдээ ахмад настнууд ч мөн цахим банк, апп ашиглаж эхэлсэн учраас тэднийг чиглэсэн залилангийн оролдлого нэмэгдэж байна.

- Хувь хүн өөрийгөө кибер гэмт хэрэгт өртөхөөс хамгаалахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

- Юуны өмнө цахим орчныг ашиглах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Нууц үгнүүдээ тогтмол шинэчилж байх, нэг ижил нууц үгийг олон платформд  ашиглахгүй байх, хоёр шатлалтай нэвтрэлт идэвхжүүлэх, интернэтээр дамжуулан ирсэн холбоос, линкийг шалгалгүй хандалт хийж болохгүй. Бас хувийн мэдээллээ танихгүй хүнд илгээхгүй байх хэрэгтэй.

- Монголд кибер гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах тал дээр ямар хүндрэлтэй асуудлууд байна вэ?

- Хамгийн том хүндрэл бол техник хангамж болон хүний нөөцийн хүрэлцээ муу байгаа явдал. Мөн олон гэмт хэрэг гадаад орноос чиглэсэн байдаг тул хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалт дутагддаг.

- Танай тасаг иргэдэд зориулсан мэдээлэл, сургалт, кампанит ажлууд хийдэг үү?

- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас иргэдэд зориулсан мэдээлэл сурталчилгаа сургалт тогтмол явуулдаг. Миний бие 2024 онд нийт 78 байгууллагын 8500 ажилчдад энэхүү төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгсөн сургалт үйл ажиллагаа явуулсан байна.

- Залуу үе, хүүхдүүд цахим орчны эрсдэлд хамгийн өртөмтгий байдаг. Энэ талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

- Энэхүү төрлийн гэмт хэрэгт бага насны хүүхдүүд дийлэнх тохиолдолд өртөх нь маш их байдаг. Цагдаагийн байгууллага болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж цаг алдалгүй үйлдэл дээр нь таслан зогсоох арга хэмжээ авсан хэргүүд олон байдаг. Налайх, Багануур дүүрэгт үйлдэгдсэн яллагдагч “Г” нь цахим орчинд өсвөр насны охидын ашигладаг “LIKEE” гэх апплейкшнээр дамжуулан 152 охидтой харилцаа тогтоож бэлгийн шинжтэй зүйлийг сурталчилсан, агуулсан,  сэдэл өгсөн хэрэг шүүхээр ороод шийдвэрлэгдэж байсан.

Telegram ашигласан цахим залилан

-Telegram ашигласан цахим залилан Монголд хэр тархмал байна вэ?

-Телеграм платформ ашигласан залилан 2024 оны долоодугаар сараас хойш “KK park” гэсэн гэмт хэргийн бүлэглэл манай улсыг чиглэж гэмт хэрэг үйлдэж байгаа юм. Тухайн платформыг ашиглан нэг иргэний автоматаар групп чатад оруулсны дараагаар дөрвөн хэсэгт хуваагдсан үйл ажиллагаа явагдаж эхэлдэг. Тус дөрвөн хэсэгт хохирогчдыг таньж мэдэх, түүний дараа өөртөө нь ижилхэн хохирсон мэт дүр эсгэгч бүлэг, ятгах болон даалгавар биелүүлэх гэсэн бүлгүүд байдаг.

-Telegram платформ нь гэмт этгээдүүдэд ямар давуу байдал олгодог гэж үздэг вэ?

-Энэхүү платформд нийтээр дагаж мөрдөх стандарт гэж байдаггүй. Анх нээж нэвтэрсэн тохиолдолд автоматаар групп чатад нэмэгдэх тохиргоотой байдаг. Мөн дээрээс нь тухайн платформыг үүсгэн байгуулагч этгээдүүд нь зөвхөн терроризмын гэмт хэрэгт хууль сахиулах байгууллагатай хэрэглэгчийн мэдээлэл солилцон ажилладаг байгаа.  

- Telegram-аар дамжуулж хамгийн их хийгддэг залилангийн төрөл юу вэ?

- Тухайн хэрэг үйлдэгч этгээдүүд эхлээд хохирогчдод итгэл төрүүлж үр ашгаа өгдөг. Таны байршуулсан 150,000 төгрөгийг 250,000 болгож өсгөх гэх мэт. Тухайн мөнгийг хүмүүс өөртөө аваад захиран зарцуулсны дараа бодит гэж итгэн гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө татаж оруулах тохиолдол байдаг. Энэ төрлийн гэмт хэргээр Монгол улсын нэг иргэн 320 гаруй сая төгрөг алдсан тохиолдол байдаг.

- Telegram дээрх гэмт хэргийг илрүүлэхэд тулгардаг гол хүндрэлүүд юу вэ?

- Данснаас данс дамжиж гадаад руу мөнгө гарах хугацаа маш богино байдаг. 2-3 данс дамжуулан гадагшаа гарах тохиолдол их байдаг учраас кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт цаг алдалгүй яаралтай хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

-Иргэд Telegram-ийг хэрхэн аюулгүй ашиглах талаар таны зүгээс ямар зөвлөмж өгөх вэ?

- Тухайн платформ ашиглахдаа зөвхөн өөрийн зөвшөөрлөөр таныг групп чатад нэмэх тохиргоо хийж ашиглах, ирж буй мэдээлэлд нягт нямбай хариуцлагатай хандах хэрэгтэй.

Deepfake ашигласан цахим залилан

-Монгол Улсад deepfake технологийг ашигласан гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна уу?

- Deepfake буюу хиймэл оюун ухааныг ашиглаж дуу хоолой,  дүрс өөрчилж үйлддэг гэмт хэрэг нь өсвөр насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Нэг  нэгнийгээ цахим орчинд bully хийх, өдөөн хатгах зэрэг. Зарим тохиолдолд улс төрийн өндөр албан тушаалтнуудыг хувиргаж ашиглах гэмт хэрэг бүртгэгддэг ч бусад төрлийн хэргүүдээс харьцангуй бага хувь эзэлдэг. 

-Манай уншигчдад хандан цахим залиланд өртөхгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч болох уу?

- Одоо цахим орчинд ямар ч сайт, аппликэйшн зэргийг дуурайлгаж хийх боломжтой болчихсон. Зураг дүрс үсэглэлийн фонт зэргийг яг ижилхэн хийж болдог учраас иргэд цахим орчныг ашиглах ямар нэгэн зүйл рүү нэвтрэхдээ түүнийг нягталж сайн шалгах ёстой. Жишээлбэл таны мессенжер хаяг руу линк илгээхдээ “Хүүш ээ энэ юу болж байгаа юм бэ” гэсэн утга агуулгатай текстийг доор нь бичээд сонирхлыг татахуйц маягтайгаар иргэдэд анхаарал төрүүлж таны мэдээллийг хуулж авах боломжтой. Энэ нь хамгийн түгээмэл  фишинг буюу хуурамч хуудас, имэйлээр хүмүүсийн мэдээллийг авах оролдлого юм.

Мөн дээрээс нь баталгаажуулах кодыг бусдад алдах тохиолдол маш их байдаг. Хэрвээ цахим орчин гэж байхгүй байсан бол хэн нэгэн танихгүй этгээд тань дээр ирээд би гэр лүүгээ орох гэсэн чинь гэрийн түлхүүр байхгүй байна аа, чи надад гэрийнхээ түлхүүрийг өгчхөөч гэдэгтэй ялгаа байхгүй зүйл гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй. Гар утсан дээр чинь баталгаажуулах код ирсэн. Энэ 6 оронтой 4 оронтой тоогоо илгээгээд өгөөч ээ гэхэд нь бусад хүнд танин баталгаажуулах кодыг өгч болохгүй. Таны утсанд, цахимд ирсэн танин  баталгаажуулах код нь таны гэрийн түлхүүртэй ямар ч ялгаа байхгүй зүйл гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.

 Иргэд цахим орчинд өөрийгөө хамгаалах чадвар маш өндөртэй байх ёстой, цахим хаягийнхаа нууц үгийг тогтмол шинэчилдэг байх хэрэгтэй. Дийлэнх тохиолдолд хүмүүс паспортоо маш амархнаар хийсэн байдаг. Өөрийн төрсөн он сар, өдөр, утасны дугаар зэргээр хийдэг бол үүнийгээ сайжруулах хэрэгтэй.

-Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.