Францаас авчирч байгаа батаар динозаврын ясны олдвор шиг маш олон үнэт олдворууд Монголын хилээр гарч байсан үеүд бий. Үнэ өртгийн хувьд үнэлэгдэшгүй гэгдэх энэ үнэт олдворуудаа бид эртнээс бүртгэж хянаж чадаж байсан бол Монголын говиос л олддог дэлхийн хэмжээний үнэт үзмэрүүдээсээ багагүй орлого олох боломжтой байсан биз ээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар УИХ дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шинэчилсэн найруулгаар ойлгомжгүй явж ирсэн палентелогийн олдворыг хэрхэн нийтийн өмчид бүртгэх талаар зохицуулна гэсэн хүлээлт бий. Тус ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг ярилцлагадаа энэ талаар “Тэдгээрийг бүртгэх, эзэнжүүлэх, эрх зүйн хэлбэрийг нь тодорхой болгохгүй бол газраа, соёлын үнэт олдворуудыг хил гаргаж зардаг асуудлууд гарсаар байх болно” гэдгийг анхааруулсан байсан.
Ер нь соёл, түүхийн асар үнэтэй өв, олдворуудаа бид ашиг хонжоо бологсдын гарт алдсаар ирсэн нь үнэн. Үүнийг хэн нэгэн энгийн иргэн зүгээр хайрцаглаад савлаад гаргачихгүй. Нөлөө бүхий, эрх мэдэлтэй хүмүүсийн оролцоотойгоор, тэд бүр энэ сүлжээнээсээ мөнгө олж ирсэн байдаг. Энэ бол төр, нийтийн өмч хяналтгүй гарын салаагаар урсаж ирсний ганц л жишээ. Төрийн өмчийн барилгаа хувийн компаниудад хямдхан үнээр түрээслэдэг, өөрсдөө болохоор үнэтэй өөр түрээсийн байранд ороод суух шийдвэр гаргаж байгаа дарга нар ч зүгээр энэ шийдвэрийг гаргадаггүй. Цаана нь ашиг бодсон шийдвэрүүд байдаг. Олон удаагийн өмч хувьчлалуудаас хэн ашиг хүртэж ирсэн, шударга хувьчлалууд явагдсан уу гэвэл бас л асуудлууд гарч ирнэ.
Гэхдээ энэ бүхнийг сайтар зохицуулсан хууль гаргахгүй бол алдаа завхралууд гарсаар байх болно. Тиймээс УИХ-ын чуулган дээр яригдаж байгаа Нийтийн өмчийн хуулийн (Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга) төслийг анхааран харж, урьдчилан хийгдэж байгаа хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Иргэд өөрсдийн өмчөө үнэгүйдүүлэхээс сэргийлж, зохицуулдаг хууль нь батлагдах үеэс анхаарч сурах учиртай билээ.
Маргааш гэхэд энэ хуулийн төслийн нэг хэлэлцүүлэг Төрийн ордонд болно. www.parliament.mn/nn/77037/ хаягаар нэвтэрч ороод бүртгэлээ хийлгээд, энэ хуулийн төсөлд саналаа хэлэх боломжийг бүү алдаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна