Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед санаачлагдаж байсан “Алт-3” аян-ыг одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим, тэр дундаа Аж үйлдвэр, эрчим хүч, байгаль орчны сайд Г.Дамдинням гардан авч үргэлжлүүлэхээр болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа билээ.

Гэсэн ч шинэчилсэн тогтоолд алт олборлолтыг бодитоор нэмэгдүүлэх, шинэ ордуудыг эргэлтэд оруулах талаарх нарийн арга зам, тооцоолол тусгагдаагүй нь анхаарал татаж байна.

Алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах санаачилга бүдгэрэв

Анхны зорилго нь:

  • 100 тонн алтны нөөцтэй үндсэн ордуудыг эргэлтэд оруулах байсан бөгөөд

  • Сэлэнгэ аймгийн Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймгийн Шурадгийн гол зэрэг ордууд нэрлэгдэж байв.

Гэвч эдгээр ордууд нь тусгай хамгаалалттай бүсэд байрладаг тул хамгаалалтаас хэсэгчлэн гаргах заалт АҮЭБ-ын яамнаас боловсруулсан тогтоолын төсөлд багтсан. Тухайлбал, 2020 оны 46, 47 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулна гэж тусгажээ.

Харин УИХ-д өргөн мэдүүлсэн хувилбарт энэ заалтыг хассан бөгөөд “алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах” гэх ерөнхий агуулгаар орж ирсэн байна. Ингэснээр шинэ ордуудыг хөдөлгөх бодит алхам бүдгэрч, аяны бодлого нь зөвхөн одоогийн олборлолтод тулгуурласан өнгөц санаачилга болох эрсдэл үүсчээ.

Тогтоолын төсөлд туссан 5 гол чиглэл:

  1. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг дэмжих

  2. Эрх зүйн орчныг тодорхой болгох, хууль ёсны олборлогчдыг хамгаалах

  3. Хууль бус экспортын эсрэг хил, гаалийн хяналтыг сайжруулах

  4. Геологийн судалгаа, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг өргөжүүлэх

  5. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох

Гэсэн ч алт олборлолтыг яг хэрхэн нэмэгдүүлэх, шороон ба үндсэн ордуудыг ямар арга замаар эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нарийн заалт, төлөвлөгөө тусгагдаагүй байна.

Өмнөх Засгийн газрын судалгаагаар:

  • Шороон ордуудын алт тушаалт 2 жилийн хугацаанд 20-30% нэмэгдэнэ,

  • Үндсэн ордуудаас 130 тонн алт тушаах боломжтой,

  • Ингэснээр Монгол Улсын валютын нөөц 2-3 тэрбум ам.доллараар нэмэгдэж,

  • Зөвхөн 5%-ийн АМНАТ-аар 500 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарсан.

Хүлээлт ба болгоомжлол

Тогтоолын төсөлд эдгээр тооцоололд үндэслэсэн, шалгуур хангасан ордуудыг хөдөлгөх бодитой аргачлал дутмаг байгаа нь анхаарал татаж байна. Алтны дэлхийн ханш өсч, 4000 ам.долларт дөхөж буй энэ үед Монгол Улс бодит үр өгөөж хүртэхийн тулд шийдэмгий, зоримог алхам хийх шаардлага тулгарч байна.

Харин одоогийн төсөл нь “аяныг нэр төдий үргэлжлүүлж, бодит олборлолтод дэмжлэг өгөхгүй өнгөрөх вий” гэсэн болгоомжлолыг олон нийтийн зүгээс төрүүлж эхэлжээ. Үүний тулд зүгээр нэг тогтоол батлах биш, бодлогын зоригтой шийдвэр, нарийн тооцоолсон төлөвлөгөө, хэрэгжүүлэх хяналт шаардлагатай.