“Алт-3” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Сангийн сайд Б.Жавхлангийн байр суурь
Алтны үнэ огцом өссөн энэ цаг үед Монгол Улс газрын хөрсөн доорх нөөцөө эдийн засгийн бодит “эргэлт” болгож чадвал, төсвийн хомсдол, валютын дарамт, импортын өртгийн өсөлт гээд олон асуудлыг даван туулах гарц олж болох билээ. Энэ боломжийг “Алт-3” хөтөлбөрөөр дамжуулан бодит ажил болгохыг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна.
“Газрын хөрсөн доорх валютын нөөц”-өө эргэлтэд оруулах цаг
Сангийн сайдын тодотгосноор, Монгол Улсын хамгийн том онцлог бол газрын доорх алт бол валютын нөөц гэдэг ойлголт. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хайгуул, олборлолтын бодлого саарч, алтны үйлдвэрлэл “зогсонги” байдалд орсон гэдгийг тэр тодотгож байна.
“Ер нь одоо байгаа, өмнө нь судлагдчихсан лиценз бүхий алтны үйлдвэрлэлүүдийг л эргэлтэд оруулах нь чухал байгаа юм” хэмээн тэр тэмдэглэлээ.
Энэ нь Засгийн газар шинэ хайгуул бус, өнгөрсөн хугацаанд тодорхойлогдсон ордуудыг л хөдөлгөхөөр анхаарч байгааг илтгэнэ.
Алтны ханш өсөх хандлагатай, ашиг хүртэх үү?
Алтны үнэ сүүлийн 10 жил 2000 ам.долларын түвшинд тогтсон ч, одоо 3400 ам.доллар даваад байгаа нь 70 гаруй хувийн өсөлт. Б.Жавхлан сайдын хэлснээр, энэ үнэ “цаашдаа буухгүй, өсөх магадлалтай”. Гэвч үнэ өсч байна гээд бид олборлож чадахгүй бол өсөлт ашиг биш, боломж алдалт болж хувирна.
“Алт-3”-ыг хэрэгжүүлэхэд хамгийн хурц сэдэв бол тусгай хамгаалалттай бүсэд орших алтны ордуудын ашиглалт. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгааг Сангийн сайд хүлээн зөвшөөрч байна.
Гэхдээ энэ асуудлыг “хариуцлагатайгаар, 100 хувийн нөхөн сэргээлт хийх нөхцөлтэйгөөр” шийдвэрлэх нь чухал гэж тодотгов. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-д заавал нөхөн сэргээлтийн зардал 100 хувь тусгасан тохиолдолд л ашиглалтад орно гэсэн хатуу шаардлага тавих ёстой гэлээ.
“Өмнө нь 50 хувь байсан бол одоо 100 хувь шаардлага тавих хэрэгтэй. Алтны үнэ ийм боломжийн байгаа учраас нөхөн сэргээлтийн зардлыг нь даах бүрэн боломжтой” — Б.Жавхлан.
Мөн “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт ярих шаардлагагүй гэдгийг тэр эрс онцлов. Харин ч ААНОАТ-ын шатлалын шинэчлэл хийгдэж буй бөгөөд 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүдийг 15 хувийн татварт хамруулах шинэ босго оруулж ирж буйг дуулгалаа. Ингэснээр алтны салбар ч бусадтай адил жигд, шударга татварын орчинд үйл ажиллагаа явуулах юм
“Алт-3” хөтөлбөр өнөөдөр улс төрийн амлалт биш, эдийн засгийн зайлшгүй сонголт болсон. Нүүрсний үнэ унаж, төсвийн орлого доголдсон энэ цаг үед уг хөтөлбөрөөр:
-
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх,
-
Валютын нөөцийг тэтгэх,
-
Геологи, хайгуулын бодлогыг сэргээх,
-
Хууль бус олборлолтыг хазаарлах,
-
Байгаль орчны хариуцлагыг шинэ түвшинд гаргах
гэдэг нь бодлогын зорилго байх учиртай. Харин УИХ, Засгийн газар үүнийг зөв цагт, зөв агуулгаар нь баталж чадвал “Алт-3” Монголын алтны жинхэнэ алтан үеийг нээж мэднэ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!