Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан билээ. Харин манай улс 1992 оноос хойш 34 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Монгол Улсад 85 ба түүнээс дээш настай 10374, 80-аас дээш настай 28516 ахмад настан байна. Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна.
“Ахмад настны тухай” хуульд зааснаар эрэгтэйчүүдийг 60 ба түүнээс дээш насанд, эмэгтэйчүүдийг 55 ба түүнээс дээш насанд ахмад настанд тооцдог. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай. Нийт ахмадуудын 68.7 хувь нь хотод амьдарч байгаа бол үлдсэн нь орон нутагт аж төрж байна.
Эдгээр ахмад настнуудын амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалтыг сайжруулахад төрийн анхаарал шаардлагатай байгаа бөгөөд тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дэмжлэгийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадын 16.7 хувь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд тооцогдож байна. Харин 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй. 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд байгаа юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!