Хүн амьдралдаа олон хүнтэй учирдаг. Учирч, салж, дурсаж, мартана. Зарим нь улирлын салхи шиг ирээд, цааш үргэлжилсэн замд замхран одно. Харин зарим нь… зүрхний буланд нэг л өдөр чимээгүйхэн ургаж, улирлын өнгөнд халихгүй нэгэн мөнхийн гэрэл болно. Тэр гэрлийг л хүмүүс хань гэж нэрлэдэг.
Ханьтай байна гэдэг орчлонгийн ширүүн салхийг хоёр тийш түлхсэн мэт хүн өөрийгөө жинхэнэ утгаар нь мэдрэх мөч мэдрэх хүч. Тэрхүү мөчид ганцаардал гаднаас сүүдэрлээд өнгөрөх сүрхий үүл шиг,харин хань бол үүлэн чөлөөний нар, илбэх намуухан салхи, орой дээрээс тусах нарны илч шиг бүлээн мэдрэмж.
Амьдрал гэдэг уусан оргиж буй далай мэт. Нэгэн өдөр давлагаа тайван, цэлмэг тэнгэр мэт намуухан. Нөгөө өдөр хүчтэй шуурч, эргийн элс бүхнийг үйрүүлэн авч одно. Харин хүний хань гэдэг бол тэрхүү давлагааны чанад дахь хадан түшиг, шуурганы үед бөхийлгүй хэвээр үлддэг дулаан гэр, зүгээ алдаж төөрөлдөх үед луужин мэт чиг заах гэрэлт цамхаг юм.
Ханьтай байна гэдэг хүн өөрийнхөө аз жаргалыг хэн нэгнээр батлуулах гэсэн хэрэг биш. Тэр бол өөрийн сул талыг нуулгүй ярьж чаддаг, сэтгэлээ чамласан үед дулаан үг дэрлэх мөртэй байх амьдралын хамгийн гоо үнэ цэн. Хүний хань гэдэг зүгээр л “ хамт байдаг хүн” биш. Харин амьдралын утга учрыг нягтруулдаг, танд өөрийгөө таних боломж өгдөг толь юм.
Та бусдад харагддаг шигээ биш, тэр хүнд харагддагаа бид жинхэнэ өөр “би” гэж ойлгодог. Учир нь хань гэдэг таны инээмсэглэлийн цаадах гунигийг анзаардаг цорын ганц нүд, үг нь үл үзэгдэж үл сонсогдох бодлыг чинь мэдэрч сонсдог цорын ганц сэтгэл.
Хайр гэдэг төгс хүнийг олох тухай биш. Хайр гэдэг өөрийн төгс биш дүрийг хайрлахыг зорьдог нэг хүнийг сонгох тухай. Тэр хүн таны зам мөрд тусалж,та ч бас түүний мөрөөдлийн дуулгыг барьдаг. Ингээд хоёр хүн хоёр өөр хувь тавилан биш хоорондоо уялдаж холбогдсон амьдралын нэгэн аялал юм.
Хань хүнийг баян ч болгодоггүй, ядуу ч болгодоггүй. Гэвч хүн сэтгэлдээ ганцаардсан бол алтан уулын дунд ч хоосон мэт байдаг. Харьцуулахын аргагүй баялаг гэдэг бол өөрийн замын үнэнч хамтрагчтай байх.
Тэр баялаг бол өглөө сэрэхэд тань өөдөөс мишээх инээмсэглэл, өвдгөө тэврээд уйлах мөчид дэргэд тулгуур мэт байсан мөр, орой амрахад тань тайвшруулах шивнээ, амжилтад хүрэхэд чинь үзэгддэггүй нууц дэмжлэг юм.
Хүний хань гэдэг зүрхний ээдрээ зангилааг тайлж өгдөг гар, амьдралын хүндхэн өдрүүдийг ганцаар туулдаггүйг сануулдаг халуун амьсгал. Хань гэдэг зүрхний эх орон. Тэнд хүн амардаг, уужирдаг, заримдаа уйлж, заримдаа инээдэг. Хамгийн гол нь тэнд хүн өөрийнхөөрөө байж чаддаг.
Амьдралын хань гэдэг аяга халуун цай шиг жирийн атлаа, дуртай дууны дотно бадаг шиг сэтгэлд ойрхон, өвлийн шөнө шиг заримдаа хүйтэн атлаа амьдралын бүхэл утгыг тээсэн хүсэмжит хувь тавилан. Зуны орой тэнгэрийн хаяанаас татах улаан туяа шиг удна, бүүдгэрнэ, бүдгэрэх шиг боловч сарнин алга болдоггүй. Учир нь тэр туяа сэтгэлийн гүнд асдаг унтардаггүй галын дөл юм.
Таны дөл миний дөл...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна